БНЧУ-д суугаа элчин сайдын яам үндэсний хоол, соёлоо сурталчлах Олон улсын өдөрлөгт оролцжээ
НийгэмМонгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яам тус улс дахь дипломат корпусын дунд зохиогддог үндэсний хоол, соёлын өдөрлөгт оролцож, Чех Улсад аж төрж буй монгол иргэд, аж ахуйн нэгж, уран бүтээлчидтэй хамтран улс орноо сурталчиллаа.
Арга хэмжээний үеэр Гадаад харилцааны яамны бүтээсэн “Amazing Mongolia” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлж, монгол ахуй, зан заншлыг харуулсан үзмэрүүд, Монголд зочлох жилд зориулан гаргасан “Welcome to Mongolia” контентуудыг толилуулав.
Урлаг, соёлын нэгдсэн хөтөлбөрт “Түмэн агтын төвөргөөн” тэргүүтэй морин хуурын татлага, хөөмийн хослол, “Монгол домог” ардын бүжгийн үзүүлбэрийг үзүүлсэн нь үзэгч олны талархлыг хүлээв.
Өдөрлөгт амжилттай оролцоход Гадаад харилцааны яам, Чех дахь “Гэр кэмп” компани тэргүүтэй аж ахуйн нэгжүүд, тус улсад амьдарч буй монгол иргэд, хүүхдүүд, уран бүтээлчид, дэмжлэг үзүүлсэн.
Энэ удаагийн өдөрлөгт 51 орны ЭСЯ, Чехийн 60 гаруй аж ахуйн нэгж оролцож, 30 орчим мянган хүн үзэж сонирхсон байна.