УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-06-13 02:27:34


Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ олон улсын чуулга уулзалт манай улсад зохион байгуулагдахаар болсон билээ. Энэ арга хэмжээний хүндэт зочдын нэг болох НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзлаа.


Ноён Бан Ги Мун Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Стэнфордын их сургууль, “Бан Ги Мун” сан, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран зохион байгуулж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалтад УИХ-ын даргын урилгаар оролцохоор  Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа юм.  УИХ-ын дарга Г.Занданшатар, өнгөрсөн жил БНСУ-ын Сөүл хотноо болсон Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээний үеэр ноён Бан Ги Мунтэй уулзаж, үр дүнтэй ярилцсан бол өнөөдөр НҮБ-аас 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн төлөө 2030 он хүртэл ажиллах мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаар Улаанбаатар хотноо дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн  Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, дэлхийн улс орнуудын хөгжлийн төлөөх  хамтын ажиллагааг ахиулах, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, эрчим хүч, хүнс зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд манлайлан ажиллаж байгаад Эрхэмсэг ноён Бан Ги Мунд талархал илэрхийлэв.

Монгол Улс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг анхлан хэрэгжүүлж эхэлсэн улс орнуудыг нэг бөгөөд Засгийн газраас 2020 онд 9 зорилго, 50 зорилт бүхий “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баталж, Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсон. Улс орны онцлог, нөхцөл байдалтай уялдуулан ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах, ногоон эдийн засгийг хөгжүүлэх, боловсролын тогтолцоог сайжруулж, нийгмийн шударга ёс, жендэрийн тэгш байдлыг хангах, Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулахыг зорьж байгааг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцолсон. Уулзалтаар талууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, ногоон эдийн засгийг дэмжих зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцлоо. Тогтвортой хөгжлийн зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд улс төрийн манлайлал, тэр дундаа парламентын оролцоо чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг талууд санал нэгтэй илэрхийлэв. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээг бүс нутгийн тогтвортой байдлын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцдог, хамтын ажиллагаагаа өргөжүүлдэг нэгдсэн платформ болгохын зэрэгцээ бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлт өртөмтгий байдлыг харгалзан хөгжүүлэх гарц шийдлийг олохыг зорьж байна. Чуулга уулзалтын хүрээнд Алтай судлалын олон талт асуудлыг авч хэлэлцэн, Алтай дамнасан улс орнуудын соёл, түүх, уламжлал, угсаатны харилцан хамаарал, тэдгээрийн тогтвортой хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарал хандуулах юм. Мөн ирээдүйн манлайлагчдыг нэгтгэдэг байнгын түншлэл, хамтын ажиллагааны цар далайцыг тэлэх нь Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний гол үр дүн байх болно” хэмээгээд Эрхэмсэг ноён Бан Ги Мунд эрүүл энхийг хүсэж, ажлын амжилтыг ерөөв. Мөн өнөөдөр УИХ-ын дарга Түрэг угсааны улс орнуудын парламентын ассамблей буюу ТУРКПА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Мэхмэт Сурейя Эр тэргүүтэй төлөөлөгчид болон Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ чуулга уулзалтын салбар хэлэлцүүлэгт оролцохоор түүхч, судлаач, эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

 

 

 

Холбоотой мэдээ