Монголын хөрөнгийн бирж шанхайн хөрөнгийн биржтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
НийгэмМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тус айлчлалаар Монгол, Хятад хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүхий л салбарын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд зорьж буй юм.
Айлчлалын хүрээнд “Монголын хөрөнгийн бирж”-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай “Шанхайн хөрөнгийн бирж”-ийн Ерөнхийлөгч Цаи Жианчун /CAI Jianchun/ болон албаны бусад хүмүүстэй албан уулзалт хийж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд талууд хөрөнгийн зах зээлийн мэдээлэл солилцох, хувьцаа, өрийн хэрэгсэл, хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, хоёр орны зах зээлийн орчин нөхцөлийг харилцан сурталчлах, дэд бүтцийг өргөжүүлэх, хамтарсан бүтээгдэхүүн гаргаж хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Монголын хөрөнгийн бирж 2021 онд Шанхайн хөрөнгийн биржтэй хамтын ажиллагаа эхлүүлж Шанхайд төвтэй хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны компаниудын 50 гаруй төлөөллийг оролцуулсан “Mongolia capital markets day 2021” вебинар арга хэмжээг зохион байгуулсан билээ.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж