Цахилгаангүй болсон аймаг, сумдыг өнөөдөр 19:00 цагт багтаан цахилгаан эрчим хүчээр хангана

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-06-29 07:07:53

Байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу хүчтэй аадар бороо орсны улмаас Булган-Хархорин чиглэлийн 110 кВ-ын 24 тулгуур унаж, гэмтсэн. Гэмтлийн улмаас Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Төв, Дундговь, Өмнөговь аймгийн нийт 82 сум цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдаад байсан юм. 

Гэмтлийг бүрэн устгах хүртэл хугацаанд эмнэлэг зэрэг онцгой хэрэглэгч нарыг аваарын нөөц үүсгүүрээр тэжээн ажиллаж байна.
Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай гэмтэл гарсан газарт хоёр дахь өдрөө биечлэн ажиллаж байна.
Гэмтлийг сэргээн засварлахаар “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн таван салбарын нийт 150 гаруй инженер техникийн ажилтан, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр 24 цагаар сэргээн босгох ажлыг гүйцэтгэж байгаа юм.
Гэмтэл гарсан Булган-Хархорин чиглэлийн 110 кВ-ын 207 км урттай шугам /тулгуурууд/ нь 1984 онд угсрагдсан 40-өөд жилийн насжилттай. Шинээр угсарч буй тулгууруудыг Улаанбаатар, Чойр, Хархорин салбарын аваарын нөөцөөс татаж авчирсан ба сэргээн босгож, угсарсан.
Өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 29-ний 19:00 цагт багтаан гэмтлийг бүрэн устгаж, цахилгаан эрчим хүчинд холбохоор ажиллаж байна.
Холбоотой мэдээ