"Хотон" шувууны хошууг зарж борлуулсан үйлдлийг илрүүлжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-07-06 07:41:09

Нэн ховор "Хотон" шувууны хошууг зарж борлуулсан үйлдлийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэс, Экологийн цагдаагийн албаныхан энэ сарын 5-ны өдөр буюу өчигдөр илрүүлжээ.

Тодруулбал, "Хотон" шувууны 62 см урттай хошууг хууль бусаар хадгалж, бусдад худалдан борлуулж байжээ.Тус хэргийг "С", "Б" нар бүлэглэн үйлдсэн байж болзошгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Хуульд зааснаар, "...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн ЦУГЛУУЛГА хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, аль эсвэл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээжээ.

Монгол Улсад нэн ховордож байгаа ан амьтныг хууль бусаар агнах, худалдан борлуулахаас урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Холбоотой мэдээ