12,056 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь тасалжээ
НийгэмУлаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас цахилгаан, эрчим хүчтэй холбоотой мэдээлэл өгснийг хүргэж байна.
Шуурхай ажиллагааны хүрээнд өнөөдрийн 10:00 цагийн байдлаар хотын төвийн таван дүүргийн хэмжээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 152 дэд өртөөнд холбогдсон 12,056 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлээс тасалсан байдалтай байна.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд нийт 1,095 дэд өртөө, 52,072 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлээс тасалсан байснаас 944 дэд өртөө, 39,966 хэрэглэгчийн хэрэглээг сэргээгээд байна.
Одоогийн байдлаар хүчдэлээс салгагдсан байршлуудыг тоймловол Сэлбэ, Улиастай, Дунд голын ай сав газрууд байна. Цаашдаа Туул голын ойр орчим нь эрсдэлтэй байдалд байна.
УБЦТС ТӨХК нь нийслэлд үер усны гамшиг нүүрлэсэнтэй холбогдуулан үйл ажиллагаагаа гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд долдугаар сарын 7-ны 08:00-20:00 цаг хүртэлх ээлжид 308 ажилтан, 9 механизм, 33 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.