Хөрсний усны нэвчилтгүй байрнуудын лаг, шаврыг цэвэрлэж дуусгана
НийгэмСэлбэ голын Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх далан задарснаас барилгын зоорийн давхар болон гарааш усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн билээ. Иймээс үерт өртсөн зам, талбай, орон сууцны барилга орчмын лаг, шавар цэвэрлэгээний ажил хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 500 гаруй цэргээс гадна дүүрэг, орон нутгийн өмчит байгууллагын ажилтнууд өглөө 07:00 цагаас ажиллаж эхэлсэн. Мөн ариутгал, халдваргүйтгэлийн ажил үргэлжилж байна.
Хөрсний усны нэвчилтгүй байрны усыг нь соруулж дуусгаад, лаг, шаврыг цэвэрлэж байгаа юм. Хөрсний усны нэвчилттэй байрнуудын тухайд усыг нь соруулаад дуусахад хэсэг хугацааны дараа 10-20 см ус тогтоод байгаа аж. Иймээс цахилгаан залгах боломжгүй нөхцөл байдал үүсэж буй тул хөрсний усны мэргэжилтнүүдтэй асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцаж байна.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:
-Хөрсний усны нэвчилтгүй байрнуудынхаа лаг, шаврыг өдөр гэхэд цэвэрлэж дуусгахаар зорьж байгаа. Туул, Сэлбэ голын усны түвшин буурсан учраас үерийн эрсдэл үүсэхгүй гэж тооцож байна. Ариутгал, халдваргүйжүүлэлт болон иргэдийг цахилгаанаар хангахад анхаарч ажиллана. Хоёр дүүрэгт 20 орчим байранд хөрсний ус нэвчиж байгаа нь хүндрэл үүсгэж байна гэлээ.
Тусгай зориулалтын машинаар 54 мянган ам метр талбайд, ногоон байгууламжийн усалгааны 10 автомашинаар 40 мянган ам метр талбайг ариутган халдваргүйжүүлээд байна. Мөн Хүүхдийн паркийн 20 га талбайг хоёр давтамжтайгаар ариутгажээ.