Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 117 чиглэлд 695 автобус иргэдэд үйлчилнэ
НийгэмБаярын өдрүүд буюу долоодугаар сарын 11, 12-нд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн, хот орчмын, зуслангийн, шөнийн тээврийн 117 чиглэлд 695 автобус үйлчилнэ. Махатама Гандийн гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замын зорчих хэсгийн зорчих хөдөлгөөнийг хаах тул тусгай зөвшөөрөл шаардахгүй Мишээл сити, Дүнжингарав, Вокзал, Нарантуул худалдааны төвд авто зогсоол байгуулсан.
Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үндсэн чиглэлүүдээс
- “Мишээл сити” төв рүү 15 чиглэлийн 110 автобус,
- “Дүнжингарав” худалдааны төв рүү 11 чиглэлийн 66,
- Нарантуул зах руу 11 чиглэлийн 31 автобус,
- Вокзал руу 18 чиглэлийн 84 автобус, нийт 292 автобусыг үндсэн чиглэлээс татаж иргэдэд үйлчилнэ.
Дээрх 4 зогсоолтой уялдуулан долоодугаар сарын 11, 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл “Мишээл сити”, “Дүнжингарав” худалдааны төв, Вокзал, Нарантуул худалдааны төвөөс богино эргэлтийн дөрвөн чиглэлд 30 автобус, Давааны зөрлөгөөс Хүй 7 худаг /Морь барианы газар/ хүртэл таван автобус 4-5 минутын зайтай үнэгүй үйлчилнэ.
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.