СУРЫН ХАРВАА: Ө.ХАТАНБОЛОР ДАЯН, С.СҮРЭНЖАВ УЛСЫН МЭРГЭН БОЛЛОО
НийгэмТулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадам үргэлжилж байна.
Үндэсний сурын харваа өчигдөр буюу энэ сарын 11-ний өдөр эхэлсэн билээ. Нийт 540 харваач бүртгүүлснээс 360 нь эрэгтэй, 180 нь эмэгтэй харваач байсан юм. Тэгвэл Үндэсний сурын түрүү тодруулах эрэгтэй, эмэгтэй шигшээ 16 буюу нийт 32 харваачийг тодруулсан билээ. Тэднийг нийт 40 онооноос хамгийн өндөр оноо авсан байдлаар эрэмбэлж, шалгаруулсан юм.
Эрэнтэй харваачдын түрүүг Говь-Алтай аймгийн харьяат, Аймгийн мэргэн, спортын мастер С.Сүрэнжав авлаа. Тэрбээр нийт 37 оноотойгоор тэргүүлэв. Ийнхүү Говь-Алтай аймгаас улсын хоёр дахь мэргэн төрлөө.
Харин
- Дэд байранд Дорнод аймгийн харьяат М.Бат-Орших 37 оноо авч Улсын гарамгай
- Гутгаар байранд Дорнод аймгийн харьяат О.Сүхбаатар 36 оноотойгоор Улсын гоц
- Дөтгөөр байранд Эрч клубийн харваач Б.Ганбаатар 36 оноотойгоор Улсын онч
- Тавдугаар байранд Хасбуу сурын холбооны харваач Б.Зоригтбаатар 36 оноотойгоор Улсын тод мэргэн харваач цолны болзлыг хангасан юм.
Харин эмэгтэй харваачдын түрүүг Дундговь аймгийн харьяат Улсын мэргэн Ө.Хатанболор авсан юм. Тэрбээр нийт 38 оноо авч, бусдыгаа тэргүүлэв. Улсын их баяр наадамд ийнхүү хоёр дахь удаагаа түрүүлснээр Даян мэргэн цол хүртэж байна.
- Дэд байранд Монгол Улсын Даян мэргэн Б.Пунсалдулам 38 оноо
- Гутгаар байранд Монгол Улсын Даян мэргэн С.Энхтунгалаг 37 оноо
- Дөтгөөр байранд Э.Биндэръяа 37 оноотойгоор Улсын онч
- Тавдугаар байранд Д.Гэрэлмаа 37 оноотойгоор Улсын тод мэргэн харваачийн болзлыг хангасан юм.
Энэ жилийн наадмын онцлог шинж нь харваачид чансаагаараа оролцсон явдал байлаа. Үндэсний сурын харваанд оролцсон 540 харваач улсын чанартай тэмцээнүүдээс оноо цуглуулж, үзүүлсэн амжилтынхаа дарааллаар эрэмбэлэгдэж, наадамд оролцсон юм.