Сэрэмжлүүлэг: Бэлтэс,Ерөө,Хэрлэн зэрэг 7 голын үерийн түвшин нэмэгджээ
НийгэмЦаг уурын байгууллагын үертэй байгаа гол мөрний мэдээллийг өглөө. Тодруулбал,
- Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 105 см нэмэгдэж, үерийн түвшинг 80 см-ээр
- Сэлэнгэ мөрөн Орхон голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 5 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 5-45 см-ээр
- Хараа гол Дархан хот, Ерөө гол Ерөө сум орчимд үерийн түвшинг 40-70 см-ээр
- Дулаанхаанаар Ерөө гол үерийн аюултай түвшинг 25 см-ээр
- Туул гол Лүн сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10 см нэмэгдэж аюултай түвшинг 5 см-ээр тус тус даваад байна.
Мөн Мөнгөнморьт, Өндөрхаан сум орчмоор Хэрлэн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10 см нэмэгдэж, Мөнгөнморьт сумаар үерийн аюултай түвшинг 5 см, Онон гол үерийн аюултай түвшинг 20 см, Халх гол үерийн түвшинг 40 см давжээ.
Харин маргааш буюу долдугаар сарын 13-нд Дэлгэрмөрөн голын усны түвшин 50 см нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэх төлөвтэй байна.
Өнөөдөр, маргаашдаа төв болон зүүн аймгуудын зарим нутгаар түр зуурын бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин улам нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар