Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулганыг Монгол Улсад зохион байгуулна

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-08-14 08:41:13

Монгол Улсын Их Хурал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам хамтран Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулганыг “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор 2023 оны наймдугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Энэхүү чуулганд Бүгд Найрамдах Вануату Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Камбожийн Хант Улс, Күүкийн Арлууд, Бүгд Найрамдах Кирибати Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Монгол Улс, Ниуэ Улс, Папуа Шинэ Гвиней Улс, Тусгаар Тогтносон Самоа Улс, Соломоны Арлууд Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Тонгагийн Вант Улс, Тувалу Улс, Бүгд Найрамдах Фижи Улс гэсэн 15 орны парламентын гишүүн, дарга, Эрүүл мэндийн сайд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийт 60 гаруй төлөөлөгч оролцоно.

Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн чуулганыг Монгол УИХ-ын дарга Г.Занданшатар даргалан явуулна.

Сүүлийн хориод жилийн хугацаанд бүсийн хэмжээнд дундаж наслалт нэмэгдэж, эх хүүхдийн эндэгдэл буурсан сайн үзүүлэлттэй байгаа ч цаашид хүрээлэн буй орчны доройтол, хотжилт, хүн амын өсөлт, тархалтын хэв маягийг өөрчлөлттэй холбоотойгоор эрүүл мэндийн хэрэгцээг хангахад хүндрэл үүсэх хандлагатай болжээ. Бүс нутгийн хэмжээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тэгш бус хүртээмж үргэлжилсээр байгаа нь жилээс жилд эрүүл мэндийн зардалд сөргөөр нөлөөлж байна. Иймд өнгөрсөн оны ээлжит чуулганаар улс орнууд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэддээ хүргэх бодлогоо шинэчлэх, дахин тодорхойлох шаардлагатай гэдэгт санал нэгдэж “Номхон далайн баруун бүс дэх анхан шатны тусламж үйлчилгээний ирээдүй” стратегийн баримт бичгийг баталжээ.

Дэлхийн эрүүл мэндийн асуудлаах Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулганаар:

- “Номхон далайн баруун бүс дэх анхан шатны тусламж үйлчилгээний ирээдүй” стратегийн баримт бичгийн хүрээнд анхан шатны тусламж үйлчилгээний цаашдын бодлогыг бэхжүүлэх, орчин үеийн шинжлэх ухааны судалгаанд үндэслэсэн шийдвэрлэх арга замыг тодорхойлох,

- Орон нутгийн боломжуудыг ашиглах өөрсдийн үндсэн чиг үүргээр дамжуулан анхан шатны тусламж үйлчилгээний шинэчлэлийг манлайлан дэмжих асуудлаар улс орнуудын парламентын туршлагуудаас хуваалцах,

- Технологи, санхүүжилтийн загварууд болон анхан шатны тусламж үйлчилгээнд тулгарч буй бэрхшээлийг түншлэлээр хэрхэн шийдэх, анхан шатны тусламж үйлчилгээг дэмжих инновацыг танилцуулж, санал солилцох,

- Парламентчдын зүгээс эрүүл мэндийн салбар цаашлаад дэлхий дахин, бүс нутаг, үндэсний болон орон нутгийн түвшинд түншлэлээр дамжуулан анхан шатны тусламж үйлчилгээг дэмжих талаар анхаарч ажиллах боломжуудыг хуваалцах зэргээр асуудлуудыг хөндөж, Тогтовортой хөгжлийн зорилтуудад хүрэх шийдлийг олох хэлэлцүүлгийг өрнүүлэх юм.

Энэхүү чуулганаас улс орнуудын парламентчдыг эрүүл мэндийн одоогийн болон ирээдүйн хэрэгцээг хангах анхан шатны тусламж үйлчилгээний хүчирхэг тогтолцоог бий болгохын төлөө өөрсдийн боломжуудыг бүрэн ашиглахыг уриалсан “Улаанбаатарын хамтарсан мэдэгдэл”-ийг батлан гаргана.

Дэлхийн эрүүл мэндийн асуудлаах Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулган нь эрүүл мэндийн асуудлаар тогтвортой үйл ажиллагаа явуулахад парламентчдын хамтын ажиллагааг дэмжих, харилцан туршлага солилцож, дэлхий дахины өмнө тулгарч буй эрүүл мэндийн асуудлуудыг хамтын хүчээр шийдвэрлэдэг парламентчдын платформ юм.

Парламентчид хууль тогтоох, төсөв батлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргийнхээ хүрээнд эрүүл мэндийн тэргүүлэх ач холбогдолтой асуудлуудыг шийдвэрлэж, олон улсын түншлэлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассемблейгаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр 2015 онд энэхүү платформыг бий болгож, өдгөө 30 гаруй орныг гишүүнээр элсүүлээд байгаа юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ