“Хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд ипотекийн 3 хувийн зээлд 176 зээлдэгч хамрагджээ

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-08-14 13:01:54

Засгийн газар “Хөдөөгийн сэргэлт”-ийн бодлогын хүрээнд “Нээлттэй аймаг” арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. Энэ төлөвлөгөөгөөр орон нутагт хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, бизнес, эдийн засгийг сурталчлах замаар ажлын байр нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг орон нутгийн удирдлагууд зохион байгуулж эхэлжээ. Одоогоор 13 аймагт “Нээлттэй аймаг” арга хэмжээг зохион байгуулаад байгааг “Хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн өнөөдрийн хурлын үеэр ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар хэллээ.

Ажлын хэсгийг Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ахалж буй юм. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг олон ажил хийсний үр дүнд орон нутагт энэ чиглэлд ажлууд эрчимжиж байна. Ажлын хэсэг өргөжиж, Хот, хөдөөгийн сэргэлт үндэсний хороо байгуулагдахаар болсон. Ерөнхий сайд энэ хороог ахална” гэв.

Орон нутагт шилжих сонирхолтой иргэдэд зориулсан мэдээлэл, үйлчилгээг хүртээмжтэй болгох гарын авлага бэлэн болжээ. Тодруулбал, шилжин суурьших иргэн, ААН-үүдийг тухайн аймгийн өнөөгийн нөхцөл байдал, давуу тал, ажлын байр, боловсрол эрүүл мэндийн үйлчилгээ, хотоос хөдөө рүү шилжвэл ийм боломжууд байна зэрэг мэдээллээр хангахуйц гарын авлага болсныг холбогдох албаны хүн танилцуулж байв. Мөн шилжин суурьшигчдыг дэмжих бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх www.huduu.mn мэдээллийн цахим хуудсыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хөгжүүлж дуусчээ.

Төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгож бууруулсан. Өнгөрсөн хугацаанд 176 зээлдэгч ипотекийн гурван хувийн хөтөлбөрт хамрагдсаны олонх нь Дархан-Уул, Орхон, Дорноговь аймагт шилжин суурьшигч аж. Харин нийслэлээс орон нутагт үйл ажиллагаа явуулахаар шилжиж буй аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж бүрджээ.

УИХ-ын хаврын чуулганаар Боловсролын багц хуулийг баталсан. Энэ хуульд орон нутагт багшаар ажиллавал 5 жил тутамд 6 сарын цалинтай тэнцэхүйц хэмжээний мөнгөн тэтгэмж олгохоор тусгажээ. Мөн олон улсын хөтөлбөртэй дунд сургуулиудыг орон нутагт түлхүү байгуулах юм.

Холбоотой мэдээ