Төв Азийн нүүдлийн шувууны түншлэлийн олон улсын шинжээчдийн бага хурал боллоо

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-08-17 02:07:59
“Төв Азийн Нүүдлийн зам Санаачилга – Монгол Улсын хэтийн төлөв” OУ-ын семинар Улаанбаатар хотод боллоо.
 
Семинарт олон орны шувуу судлаачид, эрдэмтэд, олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож, хил хязгааргүй нүүдэллэх шувуудын амьдрах орчин, нүүдлийн замын экосистемийг хамгаалахад олон улсын харилцаа, эрдэм шинжилгээний чиглэлд хамтран ажиллахад тулгарч буй сорилт, боломжуудын талаар хэлэлцлээ.
 
2024 оны 2-р сард Узбекистан улсад болох НҮБ-ын Нүүдлийн төрөл зүйлийн тухай конвенц (CMS)-ийн Талуудын бага хурлыг угтаж Төв Азийн зам санаачилгыг дэмжих, үүнд Монгол Улсын засгийн газар, олон улсын төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудыг татан оролцуулах зорилгоор энэ удаагийн семинарыг Монгол Улсын БОАЖЯ, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан (HSF), Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв (WSCC) хамтран Улаанбаатар хотод зохион байгууллаа.
 
Семинарын нээлтэд БОАЖЯ-ны Сайд Б.Бат-Эрдэнэ мэндчилгээ илгээж, ХБНГУ-аас Монгол Улсад суух элчин сайдаар томилогдсон н.Хелмут Кулиц болон холбогдох албаны бусад хүмүүс оролцов.
 
Дэлхий даяар ховордож буй биологийн төрөл зүйлийг хамгаалахад үндэсний засгийн газар, олон улсын байгууллага, үндэстэн дамнасан, үндэсний болон орон нутгийн төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах шаардлагатайг онцолсон юм. Үүнд Монгол Улс идэвхтэй оролцох байр сууриа илэрхийллээ.
 
Семинарт Монгол, ХБНГУ, БНСУ, БНХАУ, ОХУ, БНЭУ, Нидерланд, Швед зэрэг орны 50 гаруй эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд дараах сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүллээ.
 
- "CAF санаачилга дахь Монгол Улсын оролцоо, байр суурь", Д.Ариунтуяа, Монгол Улсын БОАЖЯ
-"Нүүдлийн зам ба хамтын ажиллагааны ач холбогдол, CAF-ын хамтын ажиллагаа – Энэтхэг улсын байр суурь", Др. Сүрэш Кумар, Энэтхэгийн Зэрлэг Амьтны Судалгааны Хүрээлэн
- "Институцийн тогтолцоогоор дамжуулан Төв Азийн Нүүдлийн Замд гарах ахиц", Др. Тилман Шнайдер, Нүүдлийн төрөл зүйлийн тухай конвенц (CMS)
-"Нүүдлийн замуудын инститүцийн сонголтууд – EAAFP -ын туршлага", Хиесеон До, EAAFP-ын Хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн асан
-"Ирээдүйн хамтын ажиллагаа ба CAF дахь ТББ-уудын үүрэг", Проф. Др. Бернхард Селигер, БНСУ дахь Ханнс-Зайделийн Сан
-"Шувууд улс орон, газар нутгийг холбодог ба олон улсын хамтын ажиллагаа үүнд яагаад чухал болох нь", Др. Б. Нямбаяр, Зэрлэг амьтан судлах хамгаалах төв.
 
Ханнс-Зайделийн сан нь ХБНГУ-ын Бавари муж улсад төвтэй улс төрийн сан бөгөөд бүс нутагт энх тайван, ардчилал, хөгжил дэвшлийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ хүрээнд CAF санаачилгыг хэрэгжүүлэх, үүнд олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд дэмжин оролцож байна.
 
”Шувуудын хамгааллын асуудлаар улс орнууд хамтран ажиллах нь чухал. Энэтхэг улсын хувьд Тусгай хамгаалалттай 1000 орчим газар байдаг. Нүүдлийн шувуудын хамгааллын асуудалд Энэтхэг улс анхааран ажиллаж байгаа ч тоо нь буурч байгаа нь харамсалтай. Төв Азийн энэхүү санаачилгын хэмжээд шувуудын нүүдлийг замд хамгаалах боломжтой” хэмээн Энэтхэгийн Зэрлэг Амьтны Судалгааны Хүрээлэнгийн Др. Сүрэш Кумар илтгэлдээ дурдав хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
Холбоотой мэдээ