Уруйн үерийн өндөр эрсдэлтэй 20 байршилд цаг агаарын автомат станц суурилуулна
НийгэмУлаанбаатарт үерт өртөх эрсдэлтэй бүсийн судалгааг Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төв болон холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран хийж, нэгж талбар, хэмжээгээр нь гаргажээ.
Тодруулбал нийслэлд уруйн үер буух эрсдэлтэй 75 байршил, үүний 20 нь өндөр эрсдэлтэй гэж тогтоогдсон. Мөн шар усны үер буух эрсдэлтэй гурав, голын үер буух эрсдэл найман байршилд байна.
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцуулав.
Тэрбээр "Нийслэлд голын үеийн найман бүс байна. Голын ойролцоо онцгой, эрүүл, энгийн хамгаалалтын бүс гэж тогтоосон байдаг. Гэвч энгийн, эрүүл хамгаалалтын бүс гэж үгүй болсон бөгөөд одоо онцгой хамгаалалтын бүс рүүгээ орцгоож байна.
Шар усны үер буух гурван байршил бий. Нэгж талбарын тоо 342, шар усны үер орох эрсдэлтэй талбайн хэмжээ 305.11 га байна. Энэ жил хур их орж, хөрсний ус хоёр метр орчмоор нэмэгдсэн тухай мэргэжлийн хүмүүс танилцуулсан.
Энэ бол Улаанбаатар хотын экосистем. Бид эдгээрт түшиглэж, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, иргэдийн ая тухтай байх орчныг төлөвлөн бүрдүүлэх ёстой.
Цаашид ухаалаг төлөвлөлт рүү л явах ёстой. Ингэхийн тулд хуулиа өөрчилж, нийслэлийн багц хуулиа боловсруулъя гэж байгаа юм.
Уруйн үерт өртөх суурьшлын бүс 75 байна. Нэгж талбар 15,013. Хамгийн өндөр эрсдэлтэй байгаа 20 бүсийг үүнд илүү тодотгож байгаа. Нарангийн гол, Баруун, Зүүн салаа, Сэлбэ гол, Улиастайн голын ойролцоо 8,138 нэгж талбар уруйн үерт шууд өртөнө. Уруйн үерт өртөх 75 газар байна гэдэг нь байгалийн тогтоц, гуу жалга байсан гэсэн үг. Түүнийг нь хасаж багасгаад, хайрга асгаж байгалийн тогтцыг өөрчилсний горыг Монел дээр амссан.
Улаанбаатар хотын зүүн талд цаг агаарын автомат болон том станц байхгүй. Зурагт хүрэнтэж байгаа хэсгүүд нь ус зайлуулах суваггүй гэсэн үг. Хот руугаа илүү их анхаармаар байна. Гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалтыг хоттойгоо уяж өгвөл тулгамдаж байгаа асуудлаа шийдэх бололцоо байна.
Замын хажуугийн хашлага дагаж урсаж байгаад хоолой байвал урсаж ордог, эсвэл помпоор соруулдаг ийм л нөхцөл байдал бий. Би үүнийг илбийн юм шиг гэнэт шийдэж чадахгүй. Системтэйгээр хийе гэвэл сууриа өөрчлөх ёстой" гэв.