БОАЖЯ: Жил бүр 350 хүртэл тоо толгой Идлэг Шонхор шувууг барьж ашиглахыг зөвлөсөн байдаг

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-09-04 06:20:12


Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар олон нийтэд дараах асуудлаар мэдээлэл өглөө. 


2023 онд Архангай аймагт 10 толгой янгир, Орхон, Төв, Хэнтий, Архангай аймгуудад 40 толгой халиун буга, Архангай, Говь-Алтай, Дорнод, Орхон, Төв, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймгуудад 930 толгой монгол тарвагыг сэргээн нутагшуулаад байна. Мөн шивэр хадран, шөвгөр хоншоорт зэвэг загасны үржүүлгийн ажлуудыг судалгааны хүрээлэн, ан амьтны мэргэжлийн байгууллагын эрх бүхий 8 төрийн бус байгууллага аймаг, орон нутагтайгаа хамтран гүйцэтгэв.

 “Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай” ЗГ-ын 260 дугаар тогтоолыг батлуулав.

Зөвшөөрлийн тухай хуульд тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах, барихдаа дуудлага худалдаанд оролцож холбогдох зөвшөөрлийг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга олгохоор тусгасан. “Тусгай зориулалтаар 2023 онд агнах, барих агнуурын амьтны тоо толгойг тогтоох тухай” ЗГ-ын 444 дүгээр тогтоол бий. Тусгай зориулалтаар агнах, барих зөвшөөрлийн дуудлага худалдаанаас орон нутгийн төсөвт 3.1 тэрбум гаруй төгрөгийг төвлөрүүлжээ.


Идлэг шонхор шувуутай холбоотой мэдээлэл: 

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 46 хувьд идлэг шонхор шувуу тархсан бөгөөд үүнээс 12% нь энэ зүйл шувууны голомт нутаг юм. Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар манай улс 10380 толгой идлэг шонхор шувууны нөөцтэйг тогтоосон. Зэрлэг амьтан ургамлын ховордсон зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай конвенцоос жил бүр 350 хүртэл тоо толгой идлэг шонхор шувууг барьж ашиглахыг зөвлөсөн байдаг. БНАТ-ийн тухай хуулийн дагуу Идлэг шонхор шувууг бариулсны төлбөр, хураамжид орон нутгийн төсөвт жилд 14 тэрбум гаруй төгрөгийн орлого орон нутгийн хөгжлийн санд төвлөрдөг болно.


Иргэдийн өргөдөл гомдлын дагуу БОАЖЯ-наас хийсэн зарим хяналт шалгалт: 

Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/24 дугаартай удирдамжийн хүрээнд Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багийн нутагт амралт, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд 2023 оны 08 дугаар сарын 15-аас 18-ны өдрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдлээ.

        Хяналт шалгалтаар дараах нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Үүнд: 

  1. “Цэнхэрийн халуун” рашааны нөөцийг тогтоогүй байхад амралт, аялал жуулчлалд рашааныг үйлчилгээнд ашигласан, хаягдал усны дүгнэлт зөвшөөрөлгүй, ус, рашаан ашиглах цэгт усны тоолуур байршуулаагүй;
  2. Рашааны эрүүл ахуйн болон хязгаарлалтын бүсийг тогтоогоогүй, эрүүл ахуйн бүсийг хашаажуулж, хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлээгүй;
  3. “Халуун ус”-ны голын онцгой хамгаалалтын бүсэд газар олголт хийж, барилга байгууламж барьсан зэрэг зөрчил дутагдлууд голлон гарч байна.

Хяналт шалгалтын хүрээнд 5 ААНБ-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.4-д заасныг үндэслэн Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас зөрчлийн хэрэг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

   

Байгалийн нөөц /амьтан, ойн дагалт баялаг/ ашиглалтын талаар хийгдэж буй хяналт шалгалт, илрүүлсэн зөрчил, авсан арга хэмжээ, анхааруулж сэрэмжлүүлэх мэдээлэл 

 

  1. Салбарын хяналтын газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран “Ойн нөөцийн болон ойн дагалт баялаг ашиглах чиглэлийн ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, түвшин тогтоох үзлэг хийх тухай” удирдамж, батлагдсан хуваарийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт ойн дагалт баялаг, хуш модны самар түүж бэлтгэх, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд түвшин тогтоох үзлэгийг 2023 оны 08 дугаар сарын 09-11-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн. Түвшин тогтоох үзлэгт 49 аж ахуйн нэгж хамрагдахаас 25 аж ахуйн нэгж хамрагдаж, 24 аж ахуйн нэгж /хаяг байршил тодорхой бус, үйл ажиллагаа явуулдаггүй, түвшин тогтоох үзлэгийн мэдээлэл, мэдэгдэл хүргүүлсэн ч үзлэгт хамрагдаагүй гэх мэт/ хамрагдаагүй. 

 Түвшин тогтоох үзлэгт хамрагдсан 25 ААН-ээс 16 ААН үзлэгт тэнцсэн. Мөн үзлэгийн босго оноонд хүрээгүй болон үйл ажиллагаа явуулдаг ч үзлэгт хамрагдаагүй 17 ААН-ийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, тогтсон үйл ажиллагаа явуулдаггүй, үйлдвэрийн байр, тоног төхөөрөмжгүй, өмнөх шалгалтаар зөрчилтэй байсан зэрэг шалтгааныг үндэслэн 16 ААН-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг ажлын хэсгээс гаргаж байна.  Түвшин тогтоох үзлэг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл орон нутагт үргэлжилнэ. 

 БОАЖ-ын сайдын 2023 оны А/155 дугаар тушаалаар “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ыг баталсан. Журмын 5.7-д “Хуш модны самрыг 10 дугаар сарын 20-оос дараа оны 2 дугаар сарын 01-ний хооронд бэлтгэнэ” гэж заасны дагуу самар бэлтгэх хугацааг баримталж ажиллахыг иргэд, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагуудад анхааруулж байна. Хэрэв хориглосон хугацаанд ойн дагалт баялаг бэлтгэсэн бол зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж шийтгэл оногдуулахаар зөрчлийн тухай хуулиар хуульчилсан. 


Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой хуулийн хэрэгжилт, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар

 Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр заалтыг үндэслэн газраа 2 жил ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлыг зөрчсөн, ойн болон усан сан бүхий газар, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд орсон, тэмдэгтийн хураамж төлөөгүй, мөн иргэн, хуулийн этгээдийн өөрийн хүсэлтээр тус тус газар ашиглах эрхийг цуцалсан.

 Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2022.01.02-2023.08.01-ний өдрийн хооронд 164 удаагийн тушаалаар, 373 иргэн, хуулийн этгээдийн 860.62 га газрын ашиглах эрхийг цуцалсан. Үүнээс Б.Бат-Эрдэнэ сайдын 162тушаалаар 859.5 га газрыг цуцалсан.

Газар ашиглах эрх шинээр олгохгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор 2023 онд шинээр газар олголт хийгдээгүй гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Холбоотой мэдээ