Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажил үргэлжилж байна

Эдийн Засаг
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-09-13 04:32:54


Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийн өрөнд шилжиж ирсэн 93 үл хөдлөх хөрөнгөөс 2023 оны 9 сарын 10-ны өдрийн байдлаар 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 25 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулжээ. 


Хөгжлийн банк нь өөрийн цахим хуудсаар дамжуулан нээлттэй байдлаар худалдан борлуулах ажиллагаа явуулж байгаа тул банкны өмчлөлд буй үлдсэн 68 үл хөдлөх хөрөнгийг сонирхсон иргэн, хуулийн этгээд цахим хуудсаар дамжуулан худалдан авах сонирхлоо илэрхийлэхээс гадна арилжааны банкны зээлээр худалдан авах боломжтой юм.

Худалдан борлуулах үнийн хувьд Хөгжлийн банк нь зээлийн төлбөрт тооцож авсан үнэ дээр зөвхөн худалдан борлуулах, эзэмшихтэй холбоотой гарсан зардлуудыг нэмж тогтоосон.

Шинэ Яармаг цогцолбор хорооллын B zone хэсгийн орон сууцны зориулалттай 7 блок, үйлчилгээний зориулалттай 3 блок болон авто зогсоолын зориулалттай 1 блок  буюу 80 хүртэлх хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд худалдан авах боломжтой бөгөөд уг төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хөгжлийн банкны цахим хуудасны үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл цэсээс авч болно.

Холбоотой мэдээ