Л.Гантөмөр: Ардчилсан намынхаан бүгдээрээ Монголын улс төрийг ёс суртахуунтай болгоё

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-09-18 08:51:46


Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн санаачилгаар зохион байгуулагдаж “Эдийн засгийн форум” Сүхбаатар аймагт өнгөрөгч бямба гаригт болж, хаалтаа хийлээ.


Энэ үеэр Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр “33 жилийн өмнө Ардчилсан нам Монголын ард түмэнд маш тодорхой зүйлийг амласан. Бид та нарыг эрх чөлөөтэй болгоно. Үгээ хэлж чаддаггүй байсан ард түмнийг үг хэлдэг болгоно гэж хэлсэн. Бодсоноо бичиж чаддаггүй байсан ард түмнийг та нар бичиж болно гэж хэлсэн. Дураараа сонин гаргаж болно хараарай. Ардчилал гэдэг сонин бид гаргалаа шүү. Хэн ч сонин гаргаж болно. Бид телевиз байгуулах эрхийг чинь өгье. Бид үг хэлэх эрхийг чинь өгье. Сонгодог эрхийг чинь өгнө. Сонгогддог эрхийг чинь өгнө. Эхлээд өмчтэй болгож өгье гэсэн. Өмчтэй болгож өгнө гэж хэлээд малчдад малыг нь өгсөн. Харамлаагүй. Татвар аваагүй. Дундаас нь зувчуулаагүй. Тариаланчдад газрыг нь олгосон.Ардчиллын стратеги бол гайхамшигтай.Социализмын үед өмчийг нь булааж аваад малыг нь өсгөөд өгнө гэсэн. Гэтэл 40 саяд ч хүрэхгүй байсан. Хүрэх ч боломжгүй. Учир нь яг үнэндээ тэр өмч иргэдийнх биш дарга нарын өмч байсан. Нэг ширхэг төлөг гаргаад идэх эрх малчдад байгаагүй.Үнэхээр өгч чаддаг. Хийж чаддаг. Амласандаа хүрдэг нам бол Ардчилсан нам байсан. Ийм хүчтэй стратеги манай намд байжээ. Харамсалтай нь бид болчихлоо гээд бодчихсон юм байна. Хүмүүсээ хөрөнгөтэй болгочихлоо. Малчдаа малтай болгочихлоо. Иргэд маань 0.7 га газартай болчихлоо. Өмнөговийнхон уул уурхайн баялгаа олборлох эрхийг нь өгчихлөө. Монголчууд эрх чөлөөтэй болчихлоо гэдгээ хэсэг хугацаанд мэдэрсэн. Ардчиллын үед үг хэлсэн хүнийг шоронд хийхийг нь болиулсан. Ардчиллын үед хүнийг цаазаар авахыг нь болиулсан. Ардчиллын үед хүн хэлмэгдүүлэхийг нь зогсоосон.Цаашид ард түмэн ажлаа хийгээд, төр засаг нь бодлогоо хэрэгжүүлээд ява жирийн нийгэмтэй боллоо гэсэн бодлоос хойш Ардчилсан нам стратегигүй болж эхэлсэн. Манай лидерүүд, манай намынхан зорьсон зорилгоо биелүүлчихлээ гэж бодсон. Ингээд зорьсон зорилгодоо хүрсэн учраас одоо би яах уу гэж эхэлсэн.

Тэрнээс хойш хувь хувийн ухаан, хувь хувийн хөтөлбөр, тактикаа гаргаад эхэлсэн. Хувийн тактикууд мөргөлдсөн. Энэ мөргөлдөөн Ардчилсан намын хагарал болсон. Тиймээс АН-ын энэ удаагийн нэгдэл би биш, бид гэдэг соёл дээр суурилна. Бидний зорилго биелсэн үү гэж өөрсдөөсөө асуусан.

Бидний зорилго биелээгүй гэдгийг сүүлийн жилүүдэд маш тод томруун харлаа. Бидний нүдэн дээр үг хэлсэн хүнийг шоронд хийж байгааг бид харж байна. Бидний нүдэн дээр шүүмжилж бичсэн сэтгүүлчдийг цагдаа өдөр бүр дуудаж байцааж байгааг харж байна. Бидний нүдэн дээр бизнесүүдийг авч ирээд шүүж байгааг бид харж байна. Бидний нүдэн дээр өмчийг нь дээрэмдээд авч байгааг харж байна. Ковидын үед хаалттай нийгэм, дарангуйлагч Засгийн газар, дарангуйлагч төр гэж юу байдгийг бид олж харсан. Сум хооронд явах эрхийг хаасан. Аймаг хооронд явахыг зогсоосон. Бүр сүлдээ байшингаасаа гарах эрхийг хаасан. Бид тэгэхэд юу мэдэрлээ. Ардчиллын 33 жилийн стратеги нурж унахад их амархан юм байна. Ингээд болчихдог юм байна гэдгийг бид олж харсан. Мэдэрсэн. Тиймээс шинэ стратегийг гаргах тэр цэгтээ бид ирчихлээ.

Тэрхүү шинэ стратеги нь танд аймаг хооронд зорчих эрхийг тань өгнө гэдэг шиг энгийн байх ёстой.Монголчууд тэр үед итгээгүй. Гайхаж байсан. Тэр үед сум, аймаг хооронд явахад томилолт, тодорхойлолт авдаг. Тэр нь жирийн жолоочид олддоггүй. Жижигхэн хурган дарганцар байж л тэрийгээ олж авна. Тийм цаг үед тэр хэлж байсан зүйлс биеллээ олсон байна. Тиймээс бидний дараагийн стратеги ийм энгийн байна. Монголчуудын амьдрал бодитоор байгаа бэрхшээлүүдийг бид шийднэ. Мачийж байгаад мянган малтай болсон ч яагаад азжаргалтай, хангалуун амьдарч чадахгүй байна вэ. Талх жигнээд, гуанз ажиллуулсан ч яагаад амьдрал сайжрахгүй байгаа юм бэ. Ардчилсан намын нэгдэл Монгол түмэнд байгаа зовлонг олж илрүүлэхэд суурилж байгаа. Асуудлын учир шалтгааныг олж Монголын ард түмэнд зориулсан шинэ стратеги гаргана. Энэ нэгдэл Монголыг босгоно.

Бид МАН шиг найман жил төр баривал нэгдүгээрт, Монгол Улс өргүй болох ёстой. Дундаж орлоготой иргэдийн эзлэх хувь 50 хувь руу орж байх ёстой.Монголын ард түмэнд эрх чөлөө өгнө гэсэн том стратегийн ард гарч чадсан юм чинь одоо Монгол түмнийг ядуурлаас гаргах стратеги рүү бүгдээрээ шилжье. Шударга, үнэ цэнтэй боловсролын тогтолцоо руу шилье. Ядаж эм нь үйлчилдэг эрүүл мэндийн салбартай болъё. Эрүүл мэндийн салбарыг шинэчилье. Өвчнөө эмчилж чаддаг улс болъё. Монголын улс төрийг ёс суртахуунтай болгоё. Ийм ялзарсан төрийг ёс суртахуунаар нь засъя. Ёс суртахуун гэдэг за бол ёогүй байхыг хэлж байгаа юм. Тиймээс олон юм амлахгүй. Маш цөөхөн юмыг маш чанартай хийнэ. Монголын ард түмэнд өгсөн бидний амлалт бол 100 хувь биелдэг баймаар байна. Монголын “за” бол андгай буй за гэж. Ардчилсан намынхан "АРДЧИЛЛЫН ЗА БОЛ АНДГАЙ БУЙ ЗА" гэдэг үгийг чанд тогтоож, хэвшүүлэх ёстой” гэв.

 

Холбоотой мэдээ