АСЕАН+3 бондын зах зээлийн олон улсын форум боллоо

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-09-19 07:01:52


Азийн хөгжлийн банк, БНСУ-ын Санхүүгийн үйлчилгээний хороо болон тус улсын Үнэт цаасны хадгаламжийн байгууллагаас хамтран зохион байгуулсан АСЕАН+3 бондын зах зээлийн олон улсын форум Пусан хотноо боллоо. 


Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН) болон БНХАУ, Япон, БНСУ-ын сангийн сайд нар хамтран Азийн бондын зах зээлийн санаачилга (АБЗЗС)-ын хүрээнд форумыг анх санаачилсан бөгөөд АСЕАН+3 бодлогын хэлэлцүүлэгт авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зөвлөмжийг тайлагнадаг цорын ганц бүс нутгийн платформ юм. Тодруулбал хил дамнасан бондын гүйлгээтэй холбоотой зохицуулалт, зах зээлийн практик, зах зээлийн дэд бүтцийг стандартчилах, уялдуулах замаар АСЕАН+3 зах зээлийг нэгтгэх зорилготой бөгөөд гишүүн орнуудын зохицуулагч, дэд бүтцийн байгууллагууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд тогтмол оролцдог.  

38 дахь удаагаа болж буй энэ удаагийн форумд Монгол Улсаас Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамны холбогдох албаныхан оролцож өөрийн орны хөрөнгийн зах зээлийн хөгжил, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын бодлого, зохицуулалтын арга хэмжээ, үндэсний валютаар арилжаа хийдэг дотоодын бондын зах зээл сэдвээр тус тус илтгэл тавилаа. Түүнчлэн гишүүн орнуудын зохицуулагч, дэд бүтцийн болон олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй хөрөнгийн зах зээлийн бодлого, зохицуулалтын орчны талаар санал солилцов. Мөн энэ үеэр БНСУ-ын Санхүүгийн үйлчилгээний хороо болон дэд бүтцийн байгууллагаас солонгосын хөрөнгийн зах зээлийн хөгжил, зохицуулалтын орчныг таниулах, бондын зах зээлийн хөгжил, нүүрстөрөгчийн ялгарлыг цэвэр дүнгээр тэг (net-zero) байлгах, байгаль орчинд ээлтэй ногоон санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих хүрээнд хэрэгжүүлсэн ажил, бүс нутгийн хамтын ажиллагааны ач холбогдол, туршлагаасаа хуваалцсан юм.   

Манай улсын хувьд АСЕАН+3 бондын зах зээл форумд 2019 оноос хойш идэвхтэй оролцож ирсэн бөгөөд 2021 онд Азийн хөгжлийн банктай хамтран АСЕАН+3 бондын зах зээлийн цуврал гарын авлагыг боловсруулж гаргасан. Энэхүү гарын авлага нь бонд гаргагч, хөрөнгө оруулагчид болон санхүүгийн зуучлагчдад тухайн улсын дотоодын нөхцөл байдлыг ойлгоход нь туслах, бүс нутгийн хурдацтай хөгжиж буй бондын зах зээлд идэвхтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой билээ.

 Эх сурвалж: СЗХ

Холбоотой мэдээ