Монголын үндэсний олимпийн хорооноос мэдэгдэл гаргалаа
НийгэмМонголын үндэсний олимпийн хорооноос мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд “Сүүлийн үед олон нийтийн хэрэгслээр допингийн асуудалтай холбогдуулан Монголын Үндэсний олимпын хороо (МҮОХ) нь Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага (МДЭҮБ)-ыг татан буулгах эрхтэй байгууллага мэт илт ташаа мэдээлэл тарж буйд няцаалт болгон дараах мэдэгдлийг гаргаж байна.
Дэлхийн допингийн эсрэг дүрмээр Дэлхийн допингийн эсрэг байгууллага (ДДЭБ)-аар хүлээн зөвшөөрөгдсөн МДЭҮБ-ыг татан буулгах, шинээр байгуулах эрх МҮОХ-нд олгогдоогүй бөгөөд тус дүрмийн 20.5.1 дэх заалтын дагуу МҮОХ нь тэдний дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох нь хориотой.
Харин МҮОХ нь Олимпын их гэр бүлийн гишүүд, тамирчдын эрх ашиг зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсвэл хамтран ажиллахад бэлэн буйгаа удаа дараа МДЭҮБ болон холбогдох байгууллагуудад албан бичгээр илэрхийлсэн.
МҮОХ нь МДЭҮБ-ыг зөв засаглалтай байгууллага байх, үүссэн асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэх, дахин давтагдуулахгүй байх, хэрхэн шийдвэрлэх талаар ДДЭБ (WADA) болон эрх бүхий байгууллагуудтай холбогдох дүрэм, журмын хүрээнд хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч идэвхтэй ажиллах болно. Монголын үндэсний олимпийн хороо” гэжээ.