“Ханжоу 2022” Азийн Наадам: 18 настай Ч.Маралгоо Хятадын тамирчин алдарт Жэний эсрэг хоёр дахь тоглолтоо хийв
НийгэмСаяхан өндөрлөсөн Талбайн теннисний "Америкийн нээлттэй тэмцээн"-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн наймд БНХАУ-ын теннисчин Zheng Qinwen шалгарсан билээ. Дэлхийн чансааны эхний 20-д бичигдэх болсон Жэн энэ удаагийн онцлох тамирчны нэг байсан юм.
Энэ цагт талбайн теннисний талбайд Азийн гол төлөөлөл болж буй Жэн Монголын тамирчинтай хоёрдугаар тойрогт оноолт таарсан нь анхаарал татаж байв. 18 настай Ч.Маралгоо эхний тоглолтод Саудын Арабын теннисчинг хожсон бол өнөөдөр хоёрдахь тоглолтоо алдарт Жэнтэй хийж ялагдлаа.
Гэхдээ тэдний тоглолт Ханжоу хотын талбайн теннисний төв кортод болж, олон мянган үзэгч цаашлаад телевизээр болон онлайнаар сая сая иргэдийн үзсэн тоглолт боллоо.
Энэ тоглолт Монголын талбайн теннисний түүхэнд онцлох тоглолтын нэг болж үлдэв. Манай теннисчид ганцаарчилсан төрлийн тэмцээнээ дуусгасан ч хосын болон холмиог хосын төрлөөр тэмцээнээ үргэлжлүүлнэ. Азийн наадамд оролцож буй манай залуу теннисчид дэлхийд хэдийнэ алдаршаад байгаа БНХАУ, БНСУ, Тайваны теннисчид таарч тоглож байгаа нь цаашид боломж их байгааг харуулж байна.
Сэтгүүлч: Ч.Болорчулуун