Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн О.Мөнхсайхан олонхын санал авчээ

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-10-03 06:01:45


Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хурал өчигдөр болж, Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцжээ.


Нэр дэвшигчийн материалыг 2023 оны есдүгээр сарын 20-27-ны хооронд хүлээн авсан бөгөөд энэ хугацаанд хуульч Б.Гүнбилэг, О.Мөнхсайхан нар нэрээ дэвшүүлсэн юм.

Нийт шүүгчийн олонхын санал авсан О.Мөнхсайханыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, УИХ-д саналаа хүргүүлэхээр болжээ.

Мөн Монголын Либерал Ардчилсан Намын дарга Т.Төмөрмөнхийг чөлөөлж, Б.Өлзийдүүрэнг даргаар сонгосон нь хуульд нийцсэн гэж үзэн бүртгэсэн байна.

Харин Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын дарга Ц.Оюунгэрэлээс ирүүлсэн намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхэд тайлбар гаргуулахаар ирүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан бичгийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд танилцуулсан байна. Ингээд уг хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалтад холбогдох тайлбарыг хүргүүлж, мөн 50.1.23 дахь заалттай холбоотой зохих судалгааг хийж, албан ёсны тайлбар гаргахаар тогтсон тухай хариуг хүргүүлэхээр болжээ.

Холбоотой мэдээ