Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНЧУ-ын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречкаг хүлээн авч уулзав

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-11-01 05:44:35

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.11.01) Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречкаг хүлээн авч уулзлаа.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайдын Монгол Улсад хийж буй айлчлал үр дүнтэй, амжилттай болно гэдэгт итгэлтэй байна гээд Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа 70 гаруй жилийн баялаг түүхтэй, хоёр талын харилцаа олон салбарт өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэв.


Тэрбээр, Монгол, Чехийн хууль тогтоох дээд байгууллагууд хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. Манай хоёр улс ардчилсан парламентын тогтоолцоотой ба 2019 онд Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийж байсан. Мөн өчигдөр амжилттай зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалтын үеэр Европын Парламентын төлөөлөгчдийн тэргүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга, Европын Ардын нам-Христийн Ардчилсан нам /БНЧУ/ ноён Томаш Здеховскитэй уулзаж, хүний эрх, парламентын ардчиллыг бэхжүүлэх талаар туршлага солилцсон уулзалт болсныг дурдав.

Түүнчлэн ноён Мариан Юречкагийн Монгол Улсад хийж буй айлчлалын үеэр хоёр орны Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны наймдугаар хуралдаан, хоёр улсын Бизнес форумыг зохион байгуулах нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ болсныг сайшааж, эдгээр арга хэмжээнээс гарах үр дүн чухал болохыг тэмдэглэлээ.

 

Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречка Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон арван жилийн түүхтэй ба хоёр талын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал гэж үздэг. Монгол Улсад хийж буй энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ шатанд гаргахад Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт болон манай хоёр улсын Засгийн газар хоорондын хуралдаанаас бодит үр дүн гарах бүрэн боломжтой. Тухайлбал, манай хоёр улсын Засгийн газар хоорондын түвшинд олон жил яригдсан Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулах асуудал шийдвэрлэгдэж, бодит үр дүнд хүрсэнд туйлын баяртай байна гэв. Эдүгээ 12 мянга гаруй Монгол Улсын иргэн Бүгд Найрамдах Чех Улсад ажиллаж, амьдарч байна, ирэх жилээс энэ тоог нэмэгдүүлэхээр хоёр тал тохиролцсон болохыг дуулгав. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргыг парламентын ардчиллыг бэхжүүлэхэд оруулж буй нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.

 

Талууд хоёр улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурь нь иргэд хоорондын харилцаа болохыг дурдаж, Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийн үр дүнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд нэг томоохон дэвшил болно гэдэгт санал нэгдэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Холбоотой мэдээ