Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-д суралцаж буй оюутнуудтай уулзлаа
Улс ТөрМонгол Улсаас БНСВУ-д нийт 34 монгол оюутан суралцаж буй бөгөөд үүний 11 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд суралцаж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч оюутнуудад хандан хэлсэн үгэндээ, БНСВУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлал амжилттай, өндөр үр дүнтэй болсон бөгөөд ирэх онд тохиох Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан БНСВУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлахаар болсныг хэллээ.
Ирэх жилүүдэд найрсаг харилцаатай Монгол, Вьетнамын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд вьетнам хэлтэй боловсон хүчин чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцолж, сурлагын өндөр амжилт хүсэв.
Мөн хүн бүр суралцах хугацаандаа эх орноо төлөөлж буйгаа үргэлж санаж, эв нэгдэл, нэр төрөө эрхэмлэж явахыг захилаа.