Хөх хотод гурав дахь ээлжийн 34 сувилагч богино хугацааны сургалтад хамрагдаж байна
НийгэмЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах ажлын хүрээнд сувилагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулж, туршлага солилцохоор БНХАУ-ын ӨМӨЗО-ы Олон улсын Монгол эмнэлгийн хороотой хамтран зохион байгуулж байгаа “Сувилагчийн ур чадварыг дээшлүүлэх сургалт”-ын гуравдугаар ээлжийнхэн Хөх хотыг зорьсон.
Энэ удаагийн сургалтад аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын 34 сувилагч хамрагдсан бөгөөд сургалт өчигдрөөс эхэлсэн байна.
Сургалтыг нээж Олон улсын Монгол эмнэлгийн намын хорооны дарга Б.Хурц, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын мэргэжилтэн Ц.Хандармаа болон Шүд, эрүү нүүрний төвийн сувилахуйн албаны дарга О.Сэрсмаа нар үг хэлж оролцогчдод амжилт хүслээ.
Сувилагч нар эхний өдрийн хичээлээр “Хятадын нарийн мэргэжлийн сувилахуйн хөгжлийн түүх, өнөөгийн байдал”, “Өвчтөний үнэлгээний төрөл” сэдвээр лекц сонсов.
Хөх хотод сурах зургаан хоногийн хугацаанд сувилахуйн мэргэжилтнүүд “Мэргэжлийн ёс зүй”, “Цай болон дарсны эмчилгээний онол, клиник хэрэглээ”, “Монгол эмийн наалт эмчилгээ, түүний эмнэлзүй”, “Шинэ сувилагчид зориулсан сургалт, төлөвлөлт”, “Шар тосон эмчилгээ”, “Яаралтай тусламж” агуулгын хүрээнд онол, дадлага хосолсон сургалтыг авч, Монгол эмнэлгийн хорооны ижил мэргэжлийнхэнтэйгээ туршлага солилцох боломжийг эдлэх юм.