Цэргийн алба хаагчид малчин өрхүүдийг өвөлжөө рүү нь нүүлгэж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-11-11 10:34:39


 Энэ өдрүүдэд зарим аймгийн сумдад өвөлжилт хүндэрч, орон нутгийн зам даваа гүвээ хаагдсан, тээвэрчид саатаж төөрсөн, малчин айл өрхүүд цасанд боогдсон тухай мэдээлэл ирсээр байна. Харин Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид зуд турхан, үер усны гамшгийн үед ард иргэддээ тусламж дэмжлэг үзүүлдэг уламжлалтай бөгөөд энэ удаа ч гэсэн Булган, Төв, Өвөрхангай аймгийн зарим сумдад тушаал аван ажиллаж байна. 


Булган аймгийн Дашинчилэн, Төв аймгийн Эрдэнэсант, Лүн, Өндөрширээт, Бүрэн, Өвөрхангай аймгийн Хархорин суманд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 014, 016, 119, 120, 326 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, зам даваа нээх, малчин өрхийг нүүлгэх, өвс тэжээл хүргэх ажлыг тасралтгүй гүйцэтгэж байгаа юм. Булган аймгийн Дашинчилэн суманд ажиллаж байгаа Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн автын инженер, ахмад Н.Энхбаттай холбогдоход “Орон нутагт байдал маш хүнд байна. Зам даваа гүвээ хаагдаж, малчин өрхүүд цаасанд боогдсон байдалтай. Бидний хувьд ЗХЖШ-ын дарга Хуурай замын цэргийн командлагчийн тушаалын дагуу 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тасралтгүй ажиллаж байна. Одоогоор орон нутгийн чанартай авто замууд харьцангуй сайжирсан учраас малчин өрхүүдийг намаржаанаас нь өвөлжөө рүү нь нүүлгэх ажлыг нугалж байна. Яг одоо гэхэд Дашинчилэн сумын нэгдүгээр багийн малчин Х.Баярсайхан гэрийг нүүлгэхээр намаржаа руу нь давхиж явна. Манай нөгөө багийнхан буюу ахлах ахлагч Ш.Баваасангаар ахлуулсан бүрэлдэхүүн тус сумын хоёрдугаар багт ажиллаж байгаа, бид цасанд боогдсон 40 гаруй айлыг нүүлгэх ёстой. Өдөр, шөнөгүй хамгийн хурдан явлаа гэхэд 6-7 айлыг л нүүлгэж амжиж байна.  Жижиг тээврийн хэрэгсэл явах боломжгүй учраас малчид цэргийн бидэнд л хандаж, бид ч аль болох туслах сан гэж хичээж байгаа” гээд утсаар ярих ч завгүй яваагаа дуулгаж, таслахыг хүсэв.  Яг л түүн шиг Зэвсэгт хүчний 5 ангийн цэргийн алба хаагчид энэ цаг үед Булган, Өвөрхангай, Төв аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна. 


      

Холбоотой мэдээ