Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-11-21 02:27:10

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын дүнгээр талууд Стратегийн түншлэлийг шат ахиулж, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохирсныг тэмдэглэв.

Элчин сайд Монгол Улсад ажиллах хугацаандаа харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, ялангуяа харилцааг шат ахиулахад онцгой хувь нэмэр оруулсныг онцлов.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд томоохон ахиц дэвшил гарсныг Элчин сайд Кобаяши Хироюки тэмдэглэж, цаашид  харилцааг  бүх салбарт улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ зориулахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг нь үнэлж Элчин сайдыг “Алтан гадас” одонгоор шагналаа.

Элчин сайд Кобаяши Хироюки өнгөрсөн хугацаанд бүх талын дэмжлэг үзүүлж байсан Монгол Улсын төр, засаг болон ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Холбоотой мэдээ