УИХ-ын дарга Г.Занданшатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфани-г хүлээн авч уулзав

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-12-05 04:12:42

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.12.04) Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфани-г хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Элчин сайд Сандра Шуфанид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэв.


Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, жендэрийн эрх тэгш байдлыг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж ирсэн. Одоогоос хагас зуун жилийн тэртээ 1973 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Канад Улс нь манай улстай албан ёсны харилцаа тогтоосон Хойд Америк тивийн анхны улс болсон. Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн хүрээнд тууштай өргөжин хөгжиж, өдгөө Канад Улс манай чухал “гуравдагч хөрш”, тэргүүлэгч хөрөнгө оруулагч, худалдааны гол түншүүдийн нэг болсон. Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ жил хоёр улсын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж, шат ахиулахаар тохиролцсонд баяртай буйгаа УИХ-ын дарга тэмдэглэлээ.

Мөн Канад Улсын Монгол Улсад хэрэгжүүлж буй мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх, жендэр, иргэний нийгмийг чадавхжуулах төслүүд амжилттай хэрэгжиж, манай улсын улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан байгааг онцолсон юм.


Элчин сайд Сандра Шуфани цаг гарган, найрсаг дотноор хүлээн авч уулзсанд Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргахын төлөө хичээн ажиллахаа хэллээ.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цаашид хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг чухлыг тэмдэглээд энэ удаагийн парламент хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн тэгш байдлыг хангаж ажиллахыг зорьж байна. Энэ үүднээс бид ил тод байдлыг нэмэгдүүлэх, олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгохоор олон улсын тэргүүн туршлагаас суралцсаар байна. Үүний нэг тод жишээ бол ардчилсан, зөвлөлдөх, цахим парламент байх зорилтын хүрээнд d.parliament.mn цахим платформд нийтийн өргөдөл хүлээн авах petition.parliament.mn системийг хоёр сарын өмнөөс амжилттай нэвтрүүлээд байна. Ингэснээр хууль тогтоох үйл ажиллагаа дахь иргэдийн оролцоог хангах, олон нийт засаглах эрхээ эдлэх боломж нэмэгдэж байгаа. Монгол Улсын Их Хурлаас Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулан, 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь эмэгтэйчүүд байхаар хуульчилсан. Өнгөрсөн жил бид “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг “Жендэрийн эрх тэгш байдал ба Тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Ирэх жилийн 04 дүгээр сард Алтай дамнасан улс орнуудын соёл, түүх, уламжлал, угсаатны харилцан хамаарал, тэдгээрийн тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн ээлжит чуулга уулзалтыг “Энх тайван, засаглал, түншлэл” сэдвийн дор зохион байгуулахаар төлөвлөсөн гэлээ.


Түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ойг тохиолдуулан 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хийхээр болсныг дуулгаад Элчин сайд Сандра Шуфаниг хүрэлцэн ирэхийг урив. 

Уулзалтаар талууд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, ногоон эрчим хүч, байгаль орчны хамгаалал зэрэг бүхий л салбарын харилцааг эрчимжүүлж, шинэ шатанд гаргах боломжийн талаар ярилцаж, санал солилцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ