"Хархорум” олон улсын кино наадмын шилдэгүүд тодорлоо

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-12-13 14:25:00

Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Хархорум” Олон улсын кино наадам Улаанбаатар хотноо энэ сарын 7-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

“Хархорум” Олон улсын кино наадмыг өнөө жил анх удаагаа хүний эрх, эрх чөлөөг сурталчлах нийтлэг ойлголт болоод сэдэвчилсэн мэдлэгийг таниулах бөгөөд кино урлагаар дамжуулан хүний эрхийг дээдлэх, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготойгоор зохион байгууллаа.

Энэ удаагийн кино наадмын Соёлын яам болон Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл, Кино гүүр хөгжлийн холбоо НҮТББ, ЗГХЭГ-ын дэргэдэх Хүний эрхийн үндэсний хороо, Хүний эрхийн Үндэсний комисс болон бусад байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

Наадмын хүрээнд олон улсын кино наадмууд болон Оскарын шагналт найруулагчдын бүтээлүүд багтсан бөгөөд 15 улсын 22 уран сайхны кино болон баримтат киног үзэгч олондоо толилуулсан бол уралдаанд нийт есөн орны 14 уран бүтээл өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Шилдэг бүрэн хэмжээний уран сайхны кино - "Эргэж ирэхгүй намар" МУСК

Хүний эрхийн агуулга бүхий шилдэг бүтээл - Францын "Амьтдын ертөнц" кино

Шилдэг баримтат кино - Америкийн "Шилжилт" кино тус тус шалгарлаа

“Хархорум” олон улсын кино наадмыг 2024 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сард тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Наадамд сүүлийн хоёр жилийн хугацаанд бүтээсэн уран сайхны кинонуудыг "Шилдэг уран сайхны кино", сүүлийн 3 жилийн хугацаанд бүтээсэн баримтат кинонуудыг "Шилдэг баримтат кино"-ны болон “Тухайн жилийн сэдвийн шилдэг агуулгатай кино” гэсэн гурван нэр хүндтэй шагналын төлөө өрсөлдөх юм.

Холбоотой мэдээ