Замын-Үүд боомтын авто замын ачаа тээврийн хэсгийг 24 цагаар ажиллуулах туршилтын ажлыг эхлүүлэв

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-12-17 04:22:26


Замын-Үүд-Эрээний авто замын  боомтын ачаа тээврийн хэсгийг өнөөдрөөс эхлэн 24 цагийн горимд шилжүүллээ.


Ийнхүү анх удаа Монгол Улс автозамын боомтын ачаа тээврийн хэсгийн урсгалыг 24 цагаар ажиллуулах туршилтыг 14 хоногийн хугацаатай  эхлүүлж байна.

Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний  хорооны дарга Б.Тулга ярихдаа, “БНХАУ-ын талтай хэлэлцээр хийсний үр дүнд Монгол Улсад анх удаа Замын-Үүд автозамын боомтын ачаа тээврийн хэсгийн урсгалыг 12 дугаар сарын 16-31-нийг хүртэл 24 цагийн горимд шилжүүлж байна. Туршилтын хугацаа амжилттай үргэлжилбэл ачаа тээврийн хэсэг цаашид 24 цагаар үйл ажиллагаагаа явуулах юм. Түүнчлэн Хятадын 315 боомтоос тасралтгүй үйл ажиллагаатай хоёр дахь боомт нь  Эрээн болно” хэмээн онцлов.

Замын-Үүд хилийн боомт 24 цагийн горимд шилжсэнээр   тээвэрчдийн цагийг хэмнэхээс гадна буудал хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж гэх мэт олон зардал буурах юм байна. Цаашлаад бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломж бүрдэнэ гэдгийг албаныхан хэллээ.

Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг бол Замын-Үүд боомтыг  өргөтгөж зорчигч болон ачааны терминалыг шинэчилсэн юм.


Холбоотой мэдээ