Ш.Адьшаа: Өглөө сонсголд ирэхэд 10 компанитай болчихсон. Энэ ямар ажиллагаа болоод буйг гайхаж байна
Улс ТөрУИХ-ын Хянан шалгах түр хорооны нүүрсний сонсголын хоёр дахь үе шатны эхний өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрсний тээвэртэй холбоотой компаниудын харилцаа хамаарлын талаар танилцуулж байгаа билээ.
Энэ үеэр УИХ-ын Ш.Адьшаагийн болон түүний туслах асан Ш.Мөнхцэцэгийн хамаарал бүхий компанийн талаарх мэдээллийг Шинжээч танилцуулсан юм. Үүнтэй холбогдуулан түүнээс Хянан шалгах түр хорооны дарга асуулт асуув.
УИХ-ын гишүүн ШАдьшаа: Энэ сонсголд ард түмэн, төрөө хүндлээд ирсэн. Би 2005 онд Монголын гаалиас гарч, 2020 онд УИХ-ын гишүүн болсон. Амьдрахын тулд энэ хугацаанд олон бизнес хийнэ. 2012 онд компани зарсны төлөө энд ирж шүүгдэнэ гэж бодсонгүй.
УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: Би таныг хүндэтгээд яриулж байна. Таны үүсгэн байгуулсан компани, Жаргалсайхан гэдэг хүн жижиг "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн гэж гарсан, та энэ хүнтэй хамааралтай.
Зөвлөхөөр ажиллаж байсан Ш.Мөнхцэцэгээ нүүрсний жагсаал болсноос хойш зургаа дахь хоногт чөлөөлсөн байна. Юунд сандраад зөвлөхөөсөө салав. Баригдаад илчлэгдэнэ гээд чөлөөлсөн юм уу. Үүнийгээ тайлбарла.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Б.Энхбаяр аа харин чи сандраад байгаа юм биш үү. Ш.Мөнхцэцэгийн ямар компанитай байгааг нь харж зөвлөхөөрөө томилоогүй. Би хуулийн төсөл боловсруулах гэж зөвлөхөөр авсан. Арай л эрээ цээргүй зүйл болж байна. Тэр бол Ховд аймгийн бүсгүй гэдгийг бүгд мэднэ. Ийм утгагүй зүйлийг авч ирж яллах ажиллагаа явуулна гэдэг буруу. Б.Энхбаяр аа чи залуу сайд хүн.
2012 онд "Алтанговь транс" ХХК байгуулж "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн анхны нүүрсийг талбайдаа буулгасан нь үнэн. Гэхдээ Ч.Жаргалсайхан болон Ч.Буянжаргал нарын ах дүү нарт бүх зүйлээ зарсан. Ингэж болохгүй юу. Хэрэв УИХ-ын гишүүн болсны дараа ийм зүйл хийсэн бол намайг яллах нь зөв өө Б. Энхбаяр аа.
Би бусад компанийн талаар юу ч мэдэхгүй. Энэ ямар ажиллагаа болоод буйг гайхаж байна. Энэ бол шүүх хурал, мөрдөн шалгах ажиллагаа биш. Та нар андуурч байна. Би өглөө энд ирэхэд 10 компанитай болчихсон байна. Ер нь уул уурхайтай холбоотой нэг л асуудалд орооцолдвол Монголын ард түмнийг харах нүүргүй болно.