Хан-Уул дүүрэгт байрлах 30 орчим арьс ширний үйлдвэрийг Эмээлт рүү нүүлгэнэ
НийгэмЭмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн ажлын явцыг шалгаж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай холбогдох албаныхан өнөөдөр танилцлаа.
Тодруулбал Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нар Налайх, Багахангай дүүргийн аж үйлдвэрийн парк болон “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн ажлын явцыг шалгав.
Налайх дүүргийн аж үйлдвэрийн парк 2019 онд ашиглалтад орсон. Одоогийн байдлаар гурван аж ахуйн нэгж тогтмол үйл ажиллагаа явуулж, найман аж ахуйн нэгжийн үйлдвэрийн бүтээн байгуулалт 80-90 хувьтай үргэлжлэн, 15 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах хүсэлтээ өгөөд байна.
Тухайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг энэ онд багтаан эхлүүлэхийн тулд цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.
Багахангай дүүргийн үйлдвэрлэл, технологийн паркийн 50 га талбайд хөнгөн үйлдвэрлэл, 60 га талбайд хүнд үйлдвэрлэл явуулахаар төлөвлөжээ. Нэг аж ахуйн нэгж үйлдвэр, цахилгаан станц байгуулахаар ажиллаж байна. Тухайн аж ахуйн нэгжийн зүгээс станцын барилгын ажил эхэлмэгц 20 мВт хүчин чадлыг Улаанбаатар хотын төвийн эрчим хүчинд нийлүүлэх саналтай байгаа аж. Үүний тулд эрчим хүч дамжуулах 4.7 км шугамын төсвийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ нийслэлийн удирдлагуудад илэрхийлсэн юм.
Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Үйлдвэр, технологийн паркийн тухай хууль батлагдсан. Уг хуулийн гол агуулга нь төрийн зүгээс үйлдвэр, технологийн паркийн газар, дэд бүтцийн асуудлыг шийдэж, татварын таатай орчныг бүрдүүлэхэд оршиж байгаа. Тийм ч учраас өнгөрсөн онд нийслэлээс Налайх дүүргийн аж үйлдвэрийн паркийн эрчим хүч болон усан хангамжийн асуудлыг шийдвэрлэж өгсөн. Цаашид цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын асуудлыг шийдэхээр тус паркийн удирдлагуудтай ярилцлаа. Мөн Багахангай дүүргийн аж үйлдвэрийн паркаас Улаанбаатар хотод нийлүүлэх эрчим хүчийг холбох агаарын шугамын төсвийг нийслэлээс шийдэж өгнө" гэв.