Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх талаар уулзалт, хэлэлцүүлэг хийлээ
НийгэмХөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх төвийн загвар боловсруулах, санхүүжилтийг шийдвэрлэх салбар дундын уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Боловсролын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.9 дэх хэсэгт “Боловсролын, эрүүл мэндийн болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүний боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий дэмжих төв ажиллуулж болно” гэж заасан байдаг.
Уг хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд цогц дэмжлэг үзүүлэх төвийн загвар боловсруулах, санхүүжилтийг шийдвэрлэх уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.
Салбар дундын уулзалт, хэлэлцүүлгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төвийн дүрмийн төслийг хэлэлцүүлж, гарсан саналыг нэмж тусган, сайжруулалтыг хийж, дэмжих төвөөр үзүүлэх үйлчилгээг салбар бүрээр нь нарийвчлан тогтоож, үйлчилгээний жишиг үнийг тодорхойлж шаардагдах санхүүжилтийг хуулийн хүрээнд хамтран шийдвэрлэхээр боллоо гэж ХНХЯ-наас мэдээллээ.