Тэгш хамран сургах боловсролын талаар салбарын мэргэжилтнүүд туршлага солилцож байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-01-19 04:56:36

"Жайка" олон улсын байгууллагаас Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх хөгжлийн дэмжлэг, боловсролын загварыг бий болгох зорилгоор “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг 2 үе шаттай хэрэгжүүлж байна. 

Төслийн нэгдүгээр шат 2015-2019 онд хэрэгжсэн бол хоёрдугаар шат одоо үргэлжилж байгаа юм.

Төслийн хүрээнд “Тэгш хамран сургах боловсролын туршлага хуваалцах семинар”-ыг БШУЯ, БЕГ, “Жайка старт 2” төслөөс зохион байгуулав.

Семинарт БШУЯ, ХНХЯ, ЭМЯ, БЕГ, нийслэл, аймаг, дүүргийн сургуулийн өмнөх боловсрол, тэгш хамран сургах боловсролын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, үндэсний хэмжээний бүх сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нар танхимаар болон цахим хэлбэрээр оролцож байна.

Монгол Улс 2009 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенц”-д нэгдсэний дараа дотоодынхоо холбогдох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний үндсэн хөтөлбөртэй дүйцэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан батлах зэргээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн нийгмийн оролцоог баталгаажуулахад анхаарч ирсэн.

Гэвч бодит амьдралд хөгжлийн бэрхшээл нь тогтоогдсон ч шаардлагатай хөгжлийн дэмжлэг авч чаддаггүй хүүхдүүд олон байсаар байна. Боловсролын үйлчилгээнд хамрагдсан ч, хөгжлийн бэрхшээлийн ангилал, хүнд хөнгөнөөс шалтгаалан хөгжлийн үе шатандаа нийцсэн боловсролын үйлчилгээ авч чадахгүй байх, цэцэрлэг, сургуульд үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байх зэрэг асуудлууд тулгамдах болсон.

Дээр дурдсан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл” үр дүнгээ өгч байгааг оролцогчид хэлж байлаа.

Төсөл хэрэгжүүлэх явцад:

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх зорилгоор бүх аймаг, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисст Кейс хэлэлцүүлэг зохион байгуулж хэвшихэд чиглэсэн дэмжлэг
  • Бүх аймаг дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах зорилготой Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөлийн хурал зохион байгуулж хэвшихэд чиглэсэн дэмжлэг
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ердийн цэцэрлэг, сургуульд бусад хүүхдүүдтэй хамт сурч боловсрох боломжийг олгох үүднээс бүх цэцэрлэг, сургуульд Дэмжлэгийн баг байгуулж ажиллах, Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, хүүхэд бүрийн тэгш оролцоог хангасан хичээл зохион байгуулж хэвшихэд чиглэсэн дэмжлэг
  • Бүх аймаг, дүүргийн Боловсролын газар/хэлтсийн мэргэжилтнүүд СӨБ, ЕБС-д тэгш хамран сургах боловсролыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулж хэвшихэд чиглэсэн дэмжлэг
  • Багш нар тэгш хамран сургах боловсролд суралцаж, үйл ажиллагаандаа бодитоор хэрэгжүүлэх чадвар эзэмшихэд чиглэсэн цахим сургалтын хөтөлбөр, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах, туршлага хуваалцахад чиглэсэн зэрэг дэмжлэгүүдийг үзүүлж байгаа ажээ.

Эх сурвалж: БШУЯ

Холбоотой мэдээ