ХНХЯ, АНУ-ын хөдөлмөрийн яамтай хөдөлмөрийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-02-26 08:28:11

Монгол Улсын уул уурхайн салбар болон бусад аж үйлдвэрийн салбарт ажилтан хүний хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор АНУ-ын Хөдөлмөрийн яамтай Хөдөлмөрийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хөдөлмөрийн хамтын ажиллагааны санамж бичиг зурах ёслолын ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, АНУ-ын Хөдөлмөрийн Яамны Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч  Патрисиа Силви, АНУ-аас Монгол Улсад суугаа  элчин сайд Ричард Буанган болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.       
Манай Улс ОУХБ-ын "Уул уурхай дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 176 дугаар конвенц”-д 2015 онд нэгдэн орсон бөгөөд энэ нь уул уурхайн салбарт ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага, хэм хэмжээг тогтоож төр, аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогч, ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар Олон Улсын түвшинд  үүрэг хүлээж байгаа юм.  

Монгол Улсад уул уурхайн салбарын үйлдвэрлэл, олборлолт, баяжуулалт, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байгаатай холбогдуулан сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт үйлдвэрлэлийн ослын тоо буурахгүй эрдэнэт хүний амь нас эндэх, хөдөлмөрийн чадвар алдах зэрэг асуудал олноор гарч байна.  

Өнгөрсөн онд улсын хэмжээнд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод  нийт 408 хүн өртсөний 103 нь уул уурхай, олборлолтын салбарт бүртгэгдсэн нь нийт бүртгэгдсэн ослын 25,2 хувийг хамаарч байна.
Уул уурхайн салбарт гарч буй ослын шалтгааныг авч үзвэл, нийт ослын 60 орчим хувь нь уналт, нуралт, өргөх, зөөх тоног төхөөрөмжийн бүрэн бус ажиллагаанаас,  20 гаруй хувь нь хаалт, хамгаалалт хангалтгүйгээс, 20 хувь нь аюулгүй ажиллагааны арга барилд хангалтгүй суралцсан гэсэн хүчин зүйлээс хамаарч байна.      

Санамж бичгийн хүрээнд ХАБЭА-н хууль тогтоомжийг боловсронгуй болгох, ОУХБ-ын Хөдөлмөрийн хяналтын 81, 129 дүгээр конвенцод нэгдэн орох, уул уурхай, хүнд үйлдвэр болон аж үйлдвэрийн салбарт нэн шаардлагатай зарим ажил мэргэжлийн стандарт боловсруулах, хөдөлмөрийн хэвийн бус /газрын дор, хортой, халуун хүнд/ нөхцөлд ажиллаж байгаа ажилчдын цалин хөлс, тэтгэвэр,  тэтгэмж, нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар ОУ-ын хууль, эрх зүйн зохицуулалтыг судлах болон уул уурхайн салбарт зонхилон тохиолдож буй уушги тоосжих өвчний  тандалт судалгаа хийж, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчний эмч мэргэжилтнүүд болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчдыг мэргэшүүлэх зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Манай улсын гуравдагч хөрш стратегийн түнш болох АНУ-ын Хөдөлмөрийн яамтай Хөдөлмөрийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар уул уурхай, хүнд үйлдвэр болон бусад аж үйлдвэрийн салбарт хөдөлмөр, ХАБЭА-н Олон Улсын стандарт, шилдэг туршлагыг нэвтрүүлж, хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй бүтэц, тогтолцоог бий болгож, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлж, ажилтан хүний хөдөлмөрлөх эрх, амь нас, эрүүл мэндийг хамгаалахад бодит үр дүнгээ өгнө гэж үзэж байна.

Эх сурвалж: ХНХЯ

Холбоотой мэдээ