Парис хүрэх зам: Б.СЭР-ОД ОЛИМПОД ОРОЛЦОХ ОНООГОО АХИУЛЖЭЭ
НийгэмЯпон улсын Осака хотод болдог марафон гүйлтийн уралдаан өнгөрөгч ням гаригт (02.25) болж, шилдгүүдээ тодруулжээ. Энэ жилийн марафонд зохион байгуулагч орноос гадна Австрали, АНУ, Австри, Канад, БНСУ, БНХАУ, Герман, Нидэрланд, Бразил, Кени, Уганда, Этиоп, Итали, Монголын зэрэг 10 гаруй орны шилдэг тамирчид уригдан оролцсон байна.
"Осака 2024" марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн ангилалд Японы залуу гүйгч Хирабаяши 42 км 195 мeтр зайг 2 цаг 06 минут 18 сeкундын амжилтаар түрүүлсэн бол Уганда улсын тамирчин С.Кисса мөнгөн мeдаль хүртжээ. "Би ингэж гүйсэндээ итгэж чадахгүй байна. Осакад ирээд ийм амжилт үзүүлсэн минь бахархалтай санагдлаа. Энд орон орны шилдгүүд ирсэн шүү дээ. Олимпод уралдах итгэл найдвар байна" гэж их сургуулийн оюутан Хирабаяши хэлсэн байна. Тэрбээр Осакагийн марафонд анх удаа уралдахдаа түрүүлсэн нь олны анхаарлыг татаж эхэллээ.
Монгол Улсаас Гавьяат тамирчин Б.Сэр-Од тэргүүтэй Ж.Олонбаяр, Д.Гантулга нарын марафоны тамирчид уригдан амжилттай оролцлоо. Энэ жил 42 настай Б.Сэр-Од 2:10:10 цагийн амжилтыг үзүүлсэн ба Олимпид оролцох оноогоо ахиулсан байна. Манай тамирчин уралдааны явцад 25 км, 30 км зайн Монгол улсын марафон гүйлтийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Түүний хувьд "Парис 2024" олимпын наадамд уралдахаар бэлтгэж байгаа ба энэ удаагийн Осакагийн марафонд оноогоо ахиулж чадсан байна.
Б.Сэр-Од өнгөрөгч нэгдүгээр сарын 28-д Осака хотод болсон 21 км зайн хагас марафонд уралдаж, 1:02:53 цагийн амжилт үзүүлсэн билээ.
Япон улсад болдог марафоны дараагийн уралдаан ирэх гуравдугаар сарын 3-д Токио хотод болох юм байна.
Ч.БОЛОРЧУЛУУН