БНХАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ардын Засгийн газраас малчдад хандив илгээжээ
НийгэмЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг 2024 оны гуравдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсад үүсээд буй зудын нөхцөл байдалтай холбогдуулж БНХАУ-ын Засгийн газар 200 мянган ам.доллар, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ардын Засгийн газар 170 гаруй мянган ам.долларын эд материалын тусламжийг Монгол Улсын Засгийн газарт үзүүлж байгааг Элчин сайд Шэнь Миньжюан танилцуулан батламжийг нь гардуулан өглөө.
БНХАУ сайн хөршийн хувиар эв санааны нэгдлээ илэрхийлж зуданд өртсөн хөдөө нутгийн ард иргэдэд сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлж, тусламжийн хандив өгч буйд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс БНХАУ-ын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ болон хоёр талын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар мөн санал солилцлоо.