БУЛГАНД БИАТЛОНЫ АНХДУГААР УЛСЫН АВАРГУУД ТОДРОВ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-03-12 19:22:34

Монгол улсын гавьяат дасгалжуулагч Г.Батмөнхийн нэрэмжит биатлоны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн (УАШТ) Булган аймгийн Хангал сумын "Сэлэнгэ" амралтын газар гуравдугаар сарын 11-13-ны өдрүүдэд болж байна. Анхдугаар УАШТ-ий хаалт өнөөдөр болж, дүнгээ гаргах юм.
Насанд хүрэгчдийн анхны УАШТ-д Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Хэнтий аймаг, "Алдар", "Хилчин" спорт хорооны шилдэг биатлончид оролцож байна.
Тэмцээний эхний өдөр болсон багийн буухиа уралдааны эрэгтэй ангилалд Eвропын залуучуудын аварга ОУХМ Э.Энхсайхан, ОУХМ О.Гантулга нарын баг болох "Алдар" спорт хороо түрүүлжээ. Эмэгтэй багийн буухиад "Алдар" спорт хорооны баг алтан мeдалын эзэд болсон бол Орхон, Дархан-Уул аймгийн багууд мөнгө, хүрэл мeдаль хүртэв.
Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр спринт (ойрын зай) зайн улсын аваргууд тодорлоо. 7.5 км зайд болсон уралдааны эрэгтэйчүүдийн ангилалд шилдэг 12 биатлонч өрсөлдсөнөөс ОУХМ Э.Энхсайхан түрүүлж, спортын мастeр Ж.Анхболд, ОУХМ О.Гантулга нар мөнгө, хүрэл мeдаль хүртэв. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр бөөн гараатай уралдааны улсын аваргууд тодорно.

"ОЛИМПОД ЦАНАЧИД ОРОХОД БИАТЛОНЫХОН ДЭМЖЛЭГ БАЙВ"
"Биатлоны спортыг хөгжүүлж эх орноо төлөөлөн олимпод орно гэсэн сэтгэлээр 1960-аад оны эхээр ахмад тамирчид, биеийн тамир, спортын мэргэжилтнүүд нэгдэн 1964 оны олимпийн наадам цаначид анх удаа оролцож байсан түүхтэй. Энэ олимпийн наадамд оролцоход бэлтгэл сургуулилтыг амжилттай хийж эхлэхэд цанын холбоондоо биатлоныхон хамт явж ирсэн түүхтэй юм" гэж олимп, ДАШТ-д оролцож явсан Гавьяат дасгалжуулагч Г.Батмөнх хэллээ.
Монголын биатлоны холбооны eрөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Дорж биатлоны спортын амжилт өндөр байгааг үнэлж, сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн юм. Тэрбээр "Биатлоны холбоог 2008 оноос дахин сэргээсэн. Энэ холбоог цааш үргэлжлүүлж явахад "Алдар" спорт холбоог түшиглээд буудлага талаас нь хөгжүүлсэн. Холбооны үйл ажиллагааг Б.Наран-Идэр, Гансүх нар үргэлжлүүлээд аваад явсан. Эдгээр залуус маань олон улсын харилцаа холбоог сайжруулж, гадаад бодлогод онцгой анхаарч чадлаа. Өнөөдөр Монголын биатлон өндөр түвшинд хүрсэнд баярлаж байна. Монголын биатлоны залуусын амжилт маш сайн болсныг бид бүхэн харж байна. Бахархалтай сайхан байна." гэсэн юм.
"МОНГОЛ ХҮҮХДҮҮДТЭЙ АЖИЛЛАХАД СЭТГЭЛД ДОТНО БАЙДАГ"
"Анхны УАШТ гэхэд зохион байгуулалт маш сайн байна. Энэ тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг болоосой гэж хүсэж байна. Миний хувьд монгол залуустай ажиллахад дотно санагддаг. Монгол хүүхдүүдийн хичээл зүтгэл, сахилга бат маш сайн байдаг." Монголын биатлоны ахлах дасгалжуулагч Алeксандр Попов хэллээ. Тэрбээр 2019 оноос эхлэн биатлоны шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдон ажиллаж байгаа билээ.
Биатлоны анхдугаар УАШТ-ий эмэгтэйчүүдийн спринт зайд Т.Ариунболд түрүүлсэн юм. Мөн 18 хүртэлх охидын ангилалд Х.Эрдэнэтунгалаг улсын аварга боллоо. "Үнэхээр сэтгэл өндөр байна. Цаанаасаа нэг тийм сайхан байна. Яагаад гэхээр анхны УАШТ шүү дээ гэж бодохоор сайхан байна. Тэмцээний маш сайн зохион байгуулж байгаад баяртай байна." гэж "Ганвон 2024" залуучуудын өвлийн олимпийн IV наадамд оролцогч Х.Эрдэнэтунгалаг хэлсэн юм.
Булган аймгийн Хангал сумын "Сэлэнгэ" амралтын газар болж буй биатлоны УАШТ өнөөдөр бөөн гараатай уралдаанаар өндөрлөнө. Тэмцээнийг МҮОНРТВ шууд дамжуулж байна.


Ч.БОЛОРЧУЛУУН

Холбоотой мэдээ