Төв орон нутгийн онцгой байдлын байгууллагын анги, салбарын орлогч штабын дарга нарын сургалт эхэллээ
НийгэмОнцгой байдлын ерөнхий газраас алба хаагчдаа мэргэшүүлэх, шинэ соргог мэдээллээр хангах зорилгоор орлогч дарга нарын сургалтыг жил бүр зохион байгуулдаг. Энэ удаа төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын анги, салбарын орлогч, штабын дарга, урьдчилан сэргийлэх тасгийн дарга нар сургалтад хамрагдаж байна. Сургалт “Бүс, орон нутгийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр /2024.03.21/ нээлтээ хийлээ. Сургалтад төв, орон нутгийн 40 орчим алба хаагчид хүрэлцэн ирж оролцож байна.
Сургалтыг нээж Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр үг хэлэв. Тэрээр “Монгол Улсын баялаг, үнэт зүйл нь байгалийн баялаг биш, боловсролтой иргэд юм. Тиймээс манай байгууллага хүний нөөцийнхөө чадавх, мэдлэг боловсролыг байнга дээшлүүлэхэд бодлогын түвшинд анхаарч төлөвлөгөөндөө тусган ажилладаг. Та бүхний хариуцан ажилладаг урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажил бол тайван цагийн онцгой байдлын албаны чухал ажил, үүрэг гэдгийг байнга санаж ажиллаарай. Ингэж ч байж бид аливаа аюул, эрсдэлээс ард, иргэдээ авран хамгаалж, хохирол багатай даван туулах учиртай” гэж онцлон хэлэв. Мөн эрүүл мэнддээ анхаарч боловсрол мэдлэгээ цаг үргэлж дээшлүүлж үр бүтээлтэй, сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрахыг ерөөж, амжилт хүслээ.
Сургалтаар, орон нутгийн түвшинд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга болон удирдлагын арга зүйг судална. Мөн гамшгийн үеийн харилцан ажиллагаанд суралцаж, өөр хоорондоо харилцан туршлага солилцон, мэдээ мэдээллээ хуваалцах юм.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР