“Сөүл” рестораны эзэмшлийн газраа хэтрүүлэн хашаалсан зөрчлийг арилгуулна

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-04-22 06:15:11

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн баасан гарагт хүүхдийн паркт ажиллаж, “Паркаа хамтдаа бүтээе” төслийн явцтай танилцсан. Уг төслийг “Рио Тинто Монгол” ХХК бүрэн санхүүжүүлэн, хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайг иргэдийн саналд үндэслэн 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай бүхий олон нийтийн соёл амралтын хүрээлэн болгон тохижуулж байна. Одоогийн байдлаар хатуу дэд бүтцийн ажил дуусах шатандаа орж, цэцэрлэгжүүлэлт, тохижилт үргэлжилж байгаа бөгөөд зургаадугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Хотын дарга энэ үеэр хүүхдийн паркийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг Сөүл рестораны удирдлагуудтай уулзаж, эзэмшлийн газраасаа хэтрүүлэн хашаалсан хашаагаа чөлөөлөх, зогсоол хэлбэрээр ашиглаж байгаа газраа чөлөөлөх зэрэг шаардлага тавьсан. Үүний дагуу өнөөдөр Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан Сөүл рестораны удирдлагуудтай уулзаж, эзэмшлийн газраасаа хэтрүүлэн хашаалсан хашаа, зогсоол хэлбэрээр ашиглаж байгаа газраа чөлөөлөх зэрэг шаардлага хүргүүллээ.

арин рестораны зүгээс “Сөүл” рестораны оффис менежер П.Батцэцэг “Бидний зүгээс арын зогсоол хэсгээ чөлөөлөхөд татгалзах зүйлгүй. Гол нь манайх үйлчилгээний байгууллага гэдгийг харгалзан үзэж, үйлчлүүлэгчдийг орж, гарах, зочид унаатай үйлчлүүлэх боломжоор хангаж өгөхийг хүсье” гэлээ.

Уг асуудлыг албаныхан болон төсөл хэрэгжүүлэгч талууд зөвшилцөхөөр тогтлоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Холбоотой мэдээ