Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-05-06 03:51:20

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 22 үүрэг даалгавар өгсөн бөгөөд үүний таван үүрэг даалгавар 100 хувийн гүйцэтгэлтэй бол 11 үүрэг даалгавар хэрэгжих шатандаа буюу 50-89 хувийн гүйцэтгэлтэй байна.

Энэ онд нийслэлийн боловсролын салбарт нийт 807.1 тэрбум төгрөгийн төсвөөр 165 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын байдлаар гурван сургууль, гурван цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа. Урьдчилсан төлөвлөгөөгөөр энэ онд 27 сургууль, 48 цэцэрлэг, бага сургууль болон цэцэрлэгийн цогцолбор бүхий долоон барилгыг ашиглалтад оруулна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 оноос хойш хэрэгжиж буй удаашралтай, барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай нийт 30 сургууль, цэцэрлэгийн барилга байна. Эдгээр барилгын ажил зураг төсөлд шинэчлэн магадлал хийлгэсэн, гүйцэтгэгч байгууллагаас шалтгаалсан, барилгын төсөв нэмэгдсэн зэргээс үүдэн удааширч байгааг нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин хэллээ.


Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Баянзүрх, Чингэлтэй, Баянгол болон Сонгинохайрхан дүүрэгт тусгай зориулалт, том оврын автомашинууд нийтийн эзэмшлийн зам, талбайд явган хүний зам давуулан зогсож, иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Тиймээс энэ чиглэлийн бизнес эрхлэгчид зориулалтын талбай гаргаж өгөх шаардлагатай. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцны хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу орц, гарцыг нээх, төвийн зургаан дүүрэгт зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийх ажлыг эхлүүлнэ” гэдгийг онцоллоо.

Холбоотой мэдээ