Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болзолт уралдаан зарлаж байна

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-05-15 03:18:37

НҮБ-ын тогтвортой хөгжлийн “Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах” 13-р зорилго болон “Хуурай газрын экосистемийг хамгаалах” 15 дугаар зорилгын хэрэгжилтийг дэмжин Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, оршин суугчдын амьдрах аятай нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл сайн сайхан байдлыг дэмжиж, бодитоор сайжруулахад энэхүү уралдааны зорилго оршино.

ҮНДСЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Байгаль орчин, аялал жуулчлалын яам 

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр; НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага; НҮБ-ын Хабитат байгууллага , Монгол улс дахь НҮБ-ын Нийгэмлэг

Хамрах хүрээ:

Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, иргэд олон нийт хамрагдах боломжтой;

Хугацаа: 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрийг дуустал

Тавигдах ерөнхий шаардлага:

Байгууллага гадаад орчныхоо нийтийн эзэмшлийн эргэн тойрны 50 м.кв, иргэд олон нийт 10 м.кв -аас доошгүй талбайг өөрийн хөрөнгөөр ногоон байгууламжийг төлөвлөн, холбогдох шаардлагад нийцүүлэн тохижуулна.

Хийгээд, хэрэгжүүлээд дууссан ногоон тохижилтын ажил; мөн хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын зураглал, төлөвлөгөөний ажлын явц байж болно.

Үүнд: 

Гадаад орчны онцлогт тохируулан талбайн 80 хувиас доошгүй хувьд мод, бут, сөөг тарьж зүлэгжүүлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байх;

Орчны тохижилтын ажлуудад тавигдах бусад нэмэлт шаардлага:

Орчны гэрэлтүүлгийг байгальд ээлтэй сэргээгдэх эх үүсвэрээс шийдсэн байх;

Хөрсний бохирдлыг багасгах чиглэлээр тодорхой бүтээлч, бодит ажлыг хийж хэрэгжүүлсэн байх;

Хог, хаягдлын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн хогийн савыг байрлуулж, хог хаягдлыг бууруулах, ангилах, дахин ашиглах, зүй зохистой хаях дадал зуршлыг хэвшүүлсэн байх;

Бусад тохижилтын ажлыг холбогдох норматив, стандартуудад нийцүүлсэн байх;

Уралдааны материалд тавигдах шаардлага:

Тохижилтын өмнөх байдлыг фото зургаар албажуулсан байх;

Хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилсан байх.

Tайлан мэдээллийг 15 хуудаснаас хэтрэхгүй pdf өргөтгөлтэйгөөр 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 16:00 цагаас өмнө ирүүлнэ. Сонгон шалгаруулалтыг ажлын хэсгийн гишүүд зохион байгуулна. Таны ирүүлсэн тайланг зохион байгуулагчид нээлттэйгээр ашиглах болно. Хугацаа хэтэрсэн болон шаардлага хангаагүй тайланг хүлээж авахгүй.

 

Бүтээл хүлээн авах форм: https://forms.gle/cKnQbPZdRVatuqHm8

Шагнал урамшуулал: Уралдаанд хот тус бүрээс 1, 2 ,3 дугаар байр шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн урамшуулал олгоно. Хамгийн сайн тохижуулсан ногоон байгууламжийг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулна.

 

Холбоотой мэдээ