МАН-ын нэр дэвшигчдийн жагсаалтыг тэргүүлсэн Г.Лувсанжамцыг хайж байна
Улс ТөрИрэх дөрвөн жилд биднийг төрд төлөөлж, бидний өмнөөс шийдвэр гаргах онцгой эрхийг хэнд атгуулахаа улс төрийн намууд тодорхой болгоод байна. Улс төрийн голлох намууд, тэр дундаа эрх баригч хүчний нэр дэвшигчдийн жагсаалтын эхэнд бичигдсэн хүмүүсийг 2024-2028 оны парламентад автоматаар сонгогдсонд тооцож болох юм. Тийм ч учраас эрх баригч намаас их итгэл хүлээлгэж, жагсаалтынхаа эхэнд бичсэнээр парламентад шууд суулгах эрх олгосон залуусыг олон нийт ихээхэн сонирхож байгаа тул сэтгүүлчид тэдний эрэлд гарсан ч цоожтой хаалга мөргөж мухардаад, бие биенээсээ асууж сураглахдаа тулаад байна.
Өмнө нь улс төрийн хүрээлэлд нэр нь сонсогдож байгаагүй хэдий ч тавдугаар сарын 20-нд МАН-ын жагсаалтыг тэргүүлснээр шууд гишүүн болчихсон Г.Лувсанжамц л гэхэд холбоо тогтоож болох бүх сувгаа хааж цоожлоод “алга болжээ”.
МАН-д хэзээ элссэн, улс төрийн болон хууль тогтоох, бодлого боловсруулах ажлын дадлага туршлага, хувь хүнийх нь үзэл бодол, зорилго тэмүүлэл, улс орны хэмжээнд шийдэхийг зорьж буй асуудал, үгүй ядаж хувь хүнийх нь талаар гээд асууж сонирхох зүйл маш олон байна. Гэтэл “гишүүн” маань хамаг юмаа хааж цоожлоод сураггүй алга болчихдог “цаасан бар, хоосон буу” байжээ. Жагсаалтын МАН-ын жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн М.Энхцэцэгийг ч хайж сурагласан постууд олон нийтийн сүлжээнд хөвөрч байна.
Иргэдийн шийдвэр гаргах эрхийг авах гэж байгаа улстөрчдийн хувьд хамгийн нээлттэй байж, өөрийгөө, үзэл бодлоо, зорилго чиглэлээ танилцуулах ёстой үе бол сонгууль. Иргэд хэнд саналаа өгөх гэж байгаагаа мэдэх эрхтэй. МАН-ын жагсаалтын эхэнд бичигдсэнээр шууд гишүүн болсонд тооцогдож байгаа залуус одоо ингэж цоожтой хаалга мөргүүлж байгаа юм чинь цаашид ямархан гишүүн болох юм бол доо, хөөрхий.