Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-05-29 09:51:04

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2024.05.29) болж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд урамшуулал олгох нөхцөл шаардлагад иргэдийн хүсэлтийг үндэслэн байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийг хамааруулж тооцох зохицуулалтыг тусгаад байгаа юм. Хуулийн төсөлд чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх үед санал хурааж олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг тусгасан байна. Улсын Их Хурлын гишүүд төслийн талаар асуулт асууж, үг хэлээгүй тул эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Тогтоолын төсөлд, Монгол Улсын урт хугацааны “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогод тусгасан “Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлж экспортод гарах гарцыг дэмжин “брэнд” болгох” зорилтыг үе шаттайгаар хэрэгжүүлэх, уламжлалт эмийн үйлдвэрлэл хөгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төсөл, судалгааны ажлыг дэмжих, шаардлагатайхүний нөөцийг бэлтгэхтатварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зэрэг чиглэлийг Засгийн газарт өгөхөөр заасан байна. Мөн, био-эквивалент чанарын судалгаа хийх чадавх бүрдүүлэх зорилгоор лабораторийн тоног төхөөрөмж, урвалж бодисоор хангах, хүний нөөцийг сургаж бэлтгэхэд шаардагдах санхүүжилтийг улсын төсөвт жил бүр тусгах замаар 2027 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор шийдвэрлэсэн байхыг даалгахаар тусгажээ.



Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй тул анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Байнгын хорооны дарга П.Анужин гаргав. Түүний гаргасан горимын саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ