“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 114 гэрчийг дууджээ
НийгэмУлсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.30) үргэлжилж, Нутгийн захиргааны байгууллагаас ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар олгож буй зөвшөөрөл, түүний хэрэгжилт сэдвийн хүрээнд хоёр багц асуудлыг хэлэлцэнэ.
Энэхүү сэдвийн хүрээнд Аймаг, нийслэлийн Засаг даргаас олгож буй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудал, Бичил уурхайн асуудлууд гэсэн сэдвээр холбогдох хамаарлын судалгаа, дүгнэлтийг сонсон асуулт асууж, хариулт авах юм. Дээрх асуудалтай холбогдуулан 30 гэрчийг дуудсан байна.
Мөн өдөр Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагаа сэдвийн хүрээнд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах, төлөх, хянах, хураах, үйл ажиллагаа, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн эрх зүйн зохицуулалт (гэрээний болон жишиг үнэ) сэдвээр судалгаа, дүгнэлт танилцуулж, гэрчүүдээс асуулт асууж хариулт авах бөгөөд энэ сэдвийн хүрээнд 22 гэрчийг дууджээ.
Түүнчлэн Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалт, эзэмшил сэдвийн хүрээнд Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалт, эзэмшилтэй холбоотой асуудлаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар бөгөөд энэ сэдвийн хүрээнд 62 гэрчийг дуудсан байна. Сонсголын үйл ажиллагаа өнөөдөр өндөрлөнө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.