Олон улсын олимпын хорооны үндсэн багт Монгол охин багтжээ
Нийгэм"Paris 2024" зуны олимпын XXXIII наадам эхлэхэд 23 хоног үлдлээ. Олимпын наадам болох Франц улсад Олон улсын олимпын хорооны үндсэн баг хэдэн сарын өмнөөс ажлаа эхлүүлсэн ба Монголын төлөөлөл багтсан нь бахархалтай. Энэ наадмын онцлох зочны нэг бол Э.Гуамарал юм.
"РИО 2016" зуны олимпын ХХХI наадамд Монголын 43 тамирчин эрхээ аван оролцож, нэг мөнгө, хоёр хүрэл мeдальтай ирж байлаа. Өмнөд Амeрик тивд болсон анхны олимпыг хөлбөмбөгөөрөө алдаршсан бразилчууд алдаа, оноотой давж, олимпын наадмын нэгэн түүхийг Рио дe Жанейро хотод бичиж чадсан билээ.
Монголчууд энэ олимпод албаны багаас гадна хэвлэл мэдээллийн том бүрэлдэхүүнтэй ажилласан юм. Энэ олимпын нэг онцлох мэдээлэл нь сайн дурын ажилд монгол охид сонгогдон шигшээ багтаа тусалж байв. Дэлхийн мянга мянган залуучуудаас ур чадвар, хүсэл сонирхол, гадаад хэлний мэдлэгээрээ шалгаран Бразилын олимпод ажиллах болсон тэд бол эгч, дүүс Э.Гуамарал, Э.Маралхишиг нар байсан юм. Олимпын наадамд албаны багаас гадна сайн дураар ажиллах боломжтой гэдэг гарцыг тэд олон нийтэд таниулж чадсан билээ. Тиймээс "Рио 2016" зуны олимпын наадмын сайн дурын ажилтан эгч, дүүсийн мэдээлэл Монголын багт онцгой ач холбогдолтой байлаа. Олимпын наадмын сайн дурын ажилтнуудын хувьд олимпын зохион байгуулалтын ажилд туслахаас гадна өөрийн орны баг тамирчдын асуудалд биечлэн оролцох боломжтой. Энэ албанд зүтгэхийн тулд сонгон шалгаруулалтын олон давааг даван байж сонгогддог дүрэмтэй. Гэхдээ Монголоос анх удаа хоёр иргэн тэр дундаа эгч, дүүс олимпын сайн дурын багт сонгогдож байв. Тэдний аав "Таван цагариг" сонины Ц.Энхтүвшин нь "Атланта 1996" зуны XXVI, "Солт Лeйк 2002" өвлийн олимпын XIX наадамд сурвалжлагчаар ажилласан нь охидыг багаасаа спортод дуртай байх шалтгаан болжээ. Аавынхаа "Таван цагариг" сонинг уншиж өссөн охид олимпын наадамтай холбогдохоос аргагүй байсан нь энэ. Тиймээс тэд Монголоос анх удаа олимпын наадамд ажилласан эгч, дүүс юм. Иймийн учир Өмнөд Амeрик тивд болсон зуны олимпын наадам монголчуудад онцгой ач холбогдолтой үлдсэн. Сайн дурын ажилтаны оролцоог олон нийтэд таниулж чадсан тэдний хичээл зүтгэл олон залуусыг мөрөөдлөө биелүүлэх хүчинд дэм болж чадсан билээ. Тиймийн учир монголчууд Бразилын олимпиос илүү их олз омогтой ирж байсан юм.
Энэ наадмаас хойш хүн төрөлхтний олимпын их наадамд эргэлт буцалтгүй орсон нь Э.Гуамарал юм. Өдгөө түүний хувьд Францын Парис хотод ажлаа эхлүүлээд байна. Энэ удаа OBS( Olympic Broadcasring System ) буюу Олимпын шууд дамжуулалтын албанд Э.Гуамарал ажиллаж байна. Түүний багийн ажил "Парис 2024" олимп эхлэхээс хоёр сарын өмнө үндсэндээ эхэлсэн байгаа.
Улаанбаатар хотын VI дунд сургууль , МУИС-ийг Олон улсын харилцаа, япон судлалаар төгссөн Э.Гуамарал нь АНУ-ын Сан-Франсиско хотын Их сургуулийг Загвар зохион бүтээгчээр, Японы Цүкүба хотын Их сургуулийг Спорт менежмент мэргэжлээр тус тус төгсөж өдгөө Олимпын багт ажиллах хэмжээнд өөрийгөө бэлтгэсэн байна. Энэ нь монгол хүн Олимпын багийн сайн дурын ажилтнаас эхлээд үндсэн багт ажиллаж байгаа анхны тохиолдол юм.
Э.Гуамарал "Рио 2016" зуны олимпын XXXI наадамд сайн дураар ажилласнаас хойш "Лозанн~2020" Залуучуудын Өвлийн Олимпын III наадамд хэвлэл мэдээллийн ажилтанаар ажилласан нь өнөөдрийн хариуцлагатай, нэр хүндтэй ажлын эхлэл нь байжээ. Түүний хувьд "Токио~2020" зуны олимпын XXXII , Паралимпын XVI, "Бээжин 2022" өвлийн олимпын XXIV, Паралимпын XIII наадамд Олон улсын олимпын хорооны албан ёсны үндсэн багийн төлөөлөл болж ажилласан юм.
Э.Гуамарал өдгөө Францын Парист болох зуны олимпын олимпын XXXIII наадмын Олимпын шууд дамжуулалтын албанд ажиллаж эхэллээ. Энэ нь монгол хүн Олон улсын олимпын хорооны гишүүн болж эхэлсэн цагаас хойш монгол эмэгтэй шат дараатай албанд ажиллаж буй анхны тохиолдол болж байна.
"Таван цагариг" сонины сэтгүүлч Ц.Энхтүвшиний охин Э.Гуамаралын тухай товч бичихэд ийм байна. Түүний хувьд Парист ажлаа эхлүүлсэн Монголын багийн анхны төлөөлөл боллоо. Түүнтэй мөр зэрэгцэн дэлхийн олон орны залуус Парист ажлаа эхлүүлжээ. Зуны олимпын нээлтээ хийхэд 23 хоног үлдлээ.
Олимпын мэдээллийг манай сайтаас цаг алдалгүй хүлээн аваарай.
Спортын сэтгүүлч: Ч.БОЛОРЧУЛУУН