2024 оны “Элсэлтийн шалгалт”-ыг 07 сарын 04-07-ний өдрүүдэд зохион байгуулна

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-07-04 07:12:27

2024 оны “Элсэлтийн шалгалт”-ыг 07 сарын 04-07-ний өдрүүдэд Улаанбаатар хотын цагаар зохион байгуулна. Энэ жил нийт 35939 шалгуулагч шалгалт өгөх бөгөөд үүний 32353 нь 2024 онд ЕБС төгсөж буй шалгуулагч байгаа бол 3586 нь 2024 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагч байна. Нийт шалгуулагчдын 14812 нь Улаанбаатар хотод, 17541 нь орон нутагт шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Түүнчлэн улсын хэмжээнд нийт 38 тусгай хэрэгцээт шалгуулагч шалгалт өгч байна. Тус шалгуулагчдын БҮТ-д өгсөн өргөдөл, хүсэлтийн дагуу шалгалтын материалыг бэлтгэж, зохион байгуулж байна.

Элсэлтийн шалгалтыг улс орон даяар нийт 46 шалгалтын байранд зохион байгуулж байгаа бөгөөд хөдөө орон нутагт 23, Улаанбаатар хотод 23 шалгалтын төв байна. Шалгалтын зохион байгуулалтад нийт 2541 багш, боловсролын байгууллагын алба хаагчид оролцож байна.


Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.Үүнд:

  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь
  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 16 насанд хүрэх шалгуулагч сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан, сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай тодорхойлолт, төрсний гэрчилгээний хамт авч ирнэ./
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

Элсэлтийн шалгалтын математик, физик, химийн шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, түүх, нийгэм судлал шалгалтын үргэлжлэх  хугацаа 80 минут байна.

Шалгалтын дүн оноо

  • Шалгалт дуусмагц, тусгайлан бэлтгэсэн шууд засалтын байранд тухайн

шалгалтын хариултын хуудсыг шалгагч машинаар уншуулж, анхны оноог шууд мэдээлнэ. Хэмжээст оноог 24 цагийн дараа www.eec.mn цахим хуудсанд байршуулна.

  • Элсэлтийн шалгалтын дүн оноо бүхий батламж хуудсыг eec.mn болон E-mongolia.mn цахим үйлчилгээний нэгдсэн порталд  байршуулах ба дүн онооны жагсаалт зарласнаас хойш шалгуулагч өөрөө хэвлэж авна.
  • Элсэлтийн шалгалт болон МХБШ-ын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.8 жил /33 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
  • Элсэлтийн шалгалтын дүн оноог блокчейн сүлжээнд байршуулдаг болсон. Энэхүү технологи нэвтэрснээр мэдээллийг тусгай технологиор шифрлэж хадгалах бөгөөд хэн нэгэн сүлжээнд бичигдсэн мэдээллийг өөрчлөх, устгах боломжгүй. Өндөр хүчин чадалтай тархмал сүлжээнд найдвартай хадгалах боломжтой болсноор цаг хугацаа, зардал хэмнэж, ил тод, нээлттэй, аюулгүй найдвартай болж байгаа юм. Мөн ЭШ-ын дүн оноог BI сүлжээнд байршуулснаар боловсролын байгууллагын удирдлага, сургалтын менежер, багш сурган хүмүүжүүлэгчид ЭШ-ын даалгаврын гүйцэтгэл болон танин мэдэхүйн түвшин, агуулгын гүйцэтгэлийг харан судалгаа шинжилгээ хийх боломжтой

ОУ-ын шалгалтын үнэлгээг Элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлсэн байдал 

БШУЯ-ны сайдын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/66 тоот тушаалаар батлагдсан “Элсэлтийн шалгалтын журам”-ын ЗУРГААДУГААР бүлэгт заасны дагуу гадаадын ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД нийтлэг хүлээн зөвшөөрдөг Кембрижийн АS /advanced subsidiary/, A /advanced/, болон IB /international baccalaureate/ түвшний хөтөлбөр, мөн IELTS /International English Language Testing System/, TOEFL /Test of English as a Foreign Language/, SAT /Scholastic Aptitude Test/ зэрэг шалгалтын  үнэлгээг 2024 оны 03 сарын 01-нээс 06 сарын 15-ны хооронд ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН үнэлгээтэй дүйцүүлсэн. Улсын хэмжээнд нийт 3507 шалгуулагч, 5745 шалгалтын оноог дүйцүүлснээс SAT, IELTS оноог дүйцүүлсэн шалгуулагч илүү олон байна.

Монгол хэл бичгийн дахин шалгалт 

Монгол хэл бичгийн босго оноогоо даваагүй шалгуулагчдад зориулсан дахин шалгалт 2024 оны 08 сарын 17-ны өдөр зохион байгуулагдана.

Холбоотой мэдээ