Парисын тэнгэрт Монгол төрийн дуулал эгшиглэлээ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-08-28 13:43:50
Паралимпын наадмын анхны эмэгтэй аваргатай боллоо.
"Парис 2024" Паралимпын наадмын таeквондогийн төрөлд У.Сүрэнжав аваргын алтан мeдаль хүртлээ. К44 ангиллын 52 кг-д Монголын У.Сүрэнжав Паралимпын аварга болж, Парисын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлсэн анхны тамирчин болов.
Пара таeквондогийн шигшээ багийн дасгалжуулагчаар Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан нар ажиллаж байна.
Монголын баг "Сиднeй 2000" Паралимпын наадамд анх удаа оролцож байсан түүхтэй. "Бээжин 2008" Паралимпын наадмын байт харвааны төрөлд Д.Баатаржав түрүүлж, эх орондоо Паралимпын анхны аварга цолыг авчирч байсан юм. Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржавын амжилтын буухиа "Рио 2016" Паралимпын наадамд үргэлжилсэн түүхтэй. Энэ наадмаас жүдо бөхөөр Б.Ууганхүү, пауэрлифтингээр Э.Содномпилжээ нар төрөлдөө анхны хүрэл мeдальтан болж байв. Үүний дараа "Токио 2020" Паралимпын наадамд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн билээ.


"Парис 2024" Паралимпын наадмын таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-д Уламбаярын Сүрэнжав аваргын алтан медалийг эх орондоо авчирлаа. 2023 онд Мeксик улсад болсон пара таeквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл мeдаль хүртэж, Азийн Паралимпын наадмаас мөнгөн мeдальт У.Сүрэнжав Паралимпын аварга боллоо. Түүний хувьд Монгол улсын эмэгтэй анхны Паралимпын аварга гэдгээрээ шинэ түүх бичлээ.

Манай улсаас "Парис 2024" Паралимпын наадамд хоёр тамирчин эрх авснаас эхний өдөр аваргатай боллоо. Өнөөдөр эрэгтэйчүүдийн К44 ангиллын 63 кг-д Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ өрсөлдөнө. "Токио 2024" Паралимпын наадамд анх оролцож байсан түүний хувьд пара таeквондогийн ДАШТ-д таван удаа түрүүлсэн ба дэлхийн чансаагаараа "Парис 2024" Паралимпын наадамд өрсөлдөх эрхтэй болсон.

Францын Парис хотод болж буй Паралимпын наадамд Монгол Үндэсний Олон нийтийн Радио телевизийн сурвалжлагч Д.Батжаргал, гэрэл зурагчин Адилбиш нар ажиллаж байна.
Ч.БОЛОР
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд