СХД-ийн нутаг дэвсгэрт 16 айлын гэр, хашаа, байшин халиа тошинд автжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-01-07 07:23:35

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 16 айлын гэр, хашаа, байшин халиа тошинд автаж, зарим айл гэртээ ч орж чадахгүй нөхцөл байдалтай болсон учир 5-6 айл нүүсэн. Үлдсэн айлууд гэр, байшингаа тойруулж шуудуу татсан, дүүргийн зүгээс тухайн орчмын байнгын ундаргатай булаг, хөрсний усны урсгалыг сааруулах, голдирлыг өөрчлөх, суваг татах ажлуудыг хийж байгаа боловч өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хөрсний ус их хэмжээгээр нэмэгдсээр байгааг албаны хүмүүс хэлж байгаа юм. Нөхцөл байдалтай холбогдуулан тухайн байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газраас ажиллалаа.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “2024 оны зун бороо их орсон учраас Улаанбаатар хотын хэмжээнд голын ай сав дагасан газруудад хөрсний усны түвшин өмнөх жилүүдтэй харьцуулахад их хэмжээгээр нэмэгдэж, оргил үедээ хүрч байна. Жишээ нь, Шар хад, Амгалан, Ногоон нуур, Баянзүрх дүүргийн “Натур” хэсгийг нэрлэж болно. Хоёрдугаар сар гараад халиа тошингийн хэмжээ улам бүр нэмэгддэг. Улмаар хавар шар усны үер буудаг. Манай байгууллагын зүгээс үерийн хамгаалалтын далан бүхий 14 байршил дээр 2024 оны арванхоёрдугаар сарын 11-нээс зохион байгуулалтын арга хэмжээг тогтмол авч ажиллаж байна” гэлээ.

2024 оны зун бороо их орсноос гадна энэ өвөл харьцангуй дулаан өвөлжиж байгаа учраас далан, суваг татах ажлуудыг хийгээд ч халиа тошингийн хэмжээ улам бүр ихсэж, усны ундарга айлын гэрийн буурь, байшингийн сууриас хүртэл гарч, айл өрхүүд гэртээ амьдрах аргагүй болоод байна.

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны Засаг дарга Л.Бямбадорж “Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Зүүнсалааны замаас Баянхошуу хайрханы энгэр хүртэлх зөвхөн энэ хэсэгт гэхэд 500 орчим айл өрх амьдарч байна. Үүнээс 16 айл халиа тошинд автсан хүнд нөхцөлтэй. Ус нэвчиж, гэр байшин нь мөстөж, зарим айлын гэрийн хаалга ч онгойхооргүй болсон байна. Тиймээс бидний зүгээс үлдсэн айлуудыг халиа тошинд автах, цаашид хаврын шар усны үерээс хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Гэхдээ одоогоор айлуудыг нүүлгэх нь л хамгийн зөв зохицуулалт. Цаашид байдал улам л хүндрэхээр байна” гэдгийг хэллээ.

Зундаа намагтай, булаг шанд ихтэй, голын ай сав дагасан байршлуудад өвөлдөө халиа тошин үүсэж, хавар шар усны үерт автах зэргээр амьдрахад эрсдэл ихтэй байна. Тиймээс иргэдийн зорчих хэсгийн халиа тошинг цэвэрлэх, халиа тошинд айл өрхүүдийг автуулахгүй байх тал дээр нийслэл, дүүрэг, хороодоос арга хэмжээ авч ажилладаг ч гэсэн нөхцөл байдал бүрэн шийдэгдэхгүй хэвээр байна. Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүнсалаанд халиа тошин үүссэн дээрх байршилд ч гэсэн 2018 оноос хойш халиа тошин идэвхжиж эхэлсэн. 2025 оны өвлийн хувьд халиа тошингийн хэмжээ цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж өмнөх жилүүдээс ихсээд байгаа юм.

Холбоотой мэдээ