Хээрийн түймрийн улмаас 22 хашаа саравч, 16 гэр, хоёр машин шатжээ
Нийгэм
Ой хээрийн түймрийн гаралт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан ОБЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр “2025 оны гуравдугаар сарын 09-ний өдөр онцгой байдлын байгууллагад Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Архангай аймагт нийтдээ 11 удаагийн ой хээрийн түймрийн дуудлага бүртгэгдсэн байна. Архангай аймгийн Хайрхан суманд гарсан түймрийг цурамд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Харин Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд гарсан түймрийг унтраахаар онцгой байдлын алба болон хил хамгаалах байгууллага, сумдын мэргэжлийн анги ажиллаж байна. Дээрх түймэр хүчтэй салхилснаас үүдэж унтраахад хүндрэл учирч байна. Бусад түймрийг унтрааж, цурамд оруулсан. Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан суманд нийт 22 хашаа саравч, 16 гэр, хоёр машин, тодорхой тооны мал өртсөн” гэв.