“СОЛОНГО 1,2” ХОРООЛЛЫН ЭХНИЙ ЭЭЛЖИЙН БАРИЛГУУДЫГ 2026 ОНЫ 8 САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-09-16 01:57:42


Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 17.19 га газарт БНСУ-ын Засгийн газрын 266 сая 885 мянган ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Солонго-1” /MON 18/, Солонго-2” /MON19/ орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслийн барилга угсралтын ажлын явц 50 гаруй хувьтай үргэлжилж байна.


Төслийн барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам 2023 оны наймдугаар сард БНСУ-ын “Колон глобал” корпорацитай байгуулсан. Улмаар барилга угсралтын ажил 2024 оны гуравдугаар сард эхэлсэн. Төслийн гэрээний хугацаа 2027 онд дуусах бөгөөд эхний ээлжийн 2042 айлын 27 блок барилгыг 2026 оны 8 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.  

Тус төсөл нь ухаалаг дэвшилтэт технологийг шингээсэн, ногоон хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон, эрчим хүчний хэмнэлттэй, орлогод нийцсэн 5002 айлын 66 блок орон сууцны хороолол юм. “Солонго 1,2” төслийн онцлог нь барилга хоорондын зай нь БНСУ-ын барилгын стандартын дагуу төлөвлөгдсөн, ногоон байгууламж бүхий цогцолбор хотхон юм. Мөн нарны гэрэл халхлагдахгүй, эрчим хүчийг хэмнэх зорилгоор байгаль орчинд ээлтэй шийдлээр нарны эрчим хүч хураагуур ашиглан нийтийн эзэмшлийн хэсгийн гэрэлтүүлгийг цахилгаан хэмнэлтэт аргаар шийдсэн. Интерьерийн хувьд давхар хоорондын чимээ, доргилтыг нэвтрүүлэхгүй, шалны дор зориулалтын дуу тусгаарлагч суурилуулсан. Галын дохиолол, хяналтын камер, домофан систем, гадна зогсоолын нэвтрэх системүүдийг нэгдсэн гурван серверээр хянана. Түүнчлэн айл тус бүр шилэн кабельд холбогдсон учир интернэтийг өндөр хурдаар ашиглах боломжтой.  

Төслийн захиалагчаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, захиалагчийн хяналтыг “ТОСК” ТӨХХК, зөвлөх үйлчилгээг БНСУ-ын “Samoo” түншлэлийн гишүүн “Мүүён си эм” төлөөний газар, ерөнхий гүйцэтгэгч “Колон глобал корпораци, туслан гүйцэтгэгчээр “Гранд слаб инвест” ХХК тус тус ажиллаж байна.

Одоогийн байдлаар “Солонго 1,2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төсөлд ямар нэгэн урьдчилсан захиалга аваагүй бөгөөд барилга ашиглалтад орсны дараа Засгийн газрын тогтоолоор хэнд, ямар шалгуураар, ямар нөхцлөөр олгох уу гэдэг нь шийдэгдэх тул иргэд та бүхэн “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК  болон албан хаагчдын нэрийг барьж бүртгэлд хамруулна, очер дараалалд оруулж өгнө гэх залиланд өртөхөөс сэрэмжлээрэй. Албан ёсны мэдээллийг www.tosk.gov.mn вэб сайт болон 7288-7788 дугаарын утсаар авах боломжтой.  

 

“ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ТӨХХК

Холбоотой мэдээ